Говь-алтай аймгийн онцгой байдлын хэлтэс
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 236-р тогтоолоор НАХЯ-ны харъяа Говь-Алтай аймгийн НАХХ-ийн харъяалалын мэдэлд байгуулагдах шийдвэр гарч 1977 оны 07-р сарын 06-нд Говь-Алтай аймгийн даргын тушаалаар байгуулагдан 1977 оны 08-р сарын 01-ний өдрөөс эхлэн 25 хүний бүрэлдэхүүнтэй, гал унтраах зориулалтын авто насос 2, ус тээвэрлэгч авто цистерн 1, нийт 3 нэгж техниктэйгээр гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх, гарсан гал түймрийг унтраах үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Гал командын анхны даргаар хошууч Сэрээтэрийн Ганхүлэг томилогдон ажиллаж байв.1977 оны 10-р сард тус аймгийн Нефть хангамжийн баазын дэргэд галын гэрээт пост байгуулагдаж бүтэц зохион байгуулалт нь өргөжиж эхэлсэн билээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 2-р сарын 27-ны өдрийн 51-р тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын Нөөцийн газруудыг нэгтгэсэнтэй холбогдуулан аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Иргэний хамгаалалтын штаб, Говь-Алтай аймаг дахь Улсын нөөцийн салбаруудыг нэгтгэн Гамшгаас хамгаалах штаб болгосноор бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 48-р тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгосонтой холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын хэлтэс болгон өөрчилж хуучин ажиллаж байсан бүрэлдэхүүнийг эгүүлэн томилж ажил үйлчилгээг нь үргэлжүүлэн явуулсан байна.
Хуучин барилга нь үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул аймагт удаа дараа асуудал тавьснаар Аймгийн Засаг даргын 1996 оны 06-р сарын 09-ний өдрийн 97 тоот захирамжаар Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн байрлаж байсан 2 давхар конторын байрыг, 4 машины зогсоолын хамт шилжүүлэн өгсөн. Уг барилгад хамт олны хүчээр засвар хийж тохижуулан үйл ажиллагаа явуулж байгаа ч бүтэц зохион байгуулалт нэмэгдэж үйл ажиллагаа явуулахад зориулалтын бус, багтаамж багатай байгаа саналыг ОБЕГ-т уламжилсанаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1 тэрбум 598 сая төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс шинэ барилгын ажил эхэлээд байна.
Тус хэлтэс нь бие бүрэлдэхүүний 36,1 % дээд, 6,2% тусгай дунд , 44,3% бүрэн дунд, 13,4% бүрэн бус дунд боловсролтой, нөхөн хангалт 90,1 хувьтай, гал унтраах албаны 4, шуурхай албаны 5, чирэх зориулалт бүхий автомашин 1, нийт 10 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.