Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүр гарган Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна.
Мөн 2018, 2019 онд Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулагдаж буй “Авлигын эсрэг сургалт”-д Онцгой байдлын байгууллагаас холбогдох албан тушаалтнуудыг батлагдсан хуваарийн дагуу тухай бүр хамруулж байна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлдэг бөгөөд 2019 оноос хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системээр хянуулах болсонтой холбогдуулсан цахимаар бүртгэл, хяналт хийгдэх боломж бүрдэж олон нийтэд байгууллагын хүний нөөцтэй холбоотой мэдээллийг ил тод хүргэх боломж бий болсон.

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагад хийгдсэн тухайн байгууллагын алба хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт, мэдлэг, авлигын түвшинг тогтоох “Шударга байдлын үнэлгээ”-нд 60 байгууллага хамрагдсанаас Онцгой байдлын байгууллага 70.6 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн.
Мөн Азийн сангаас явуулсан авлигын нөхцөл байдлын судалгаагаар төрийн албан дахь авлигын түвшин өмнөх онуудтай харьцуулахад буурсан бөгөөд судалгаанд оролцогчдын 50 орчим хувь нь төрийн албан дахь авлигын түвшин өндөр гэж үзсэн байна.
Онцгой байдлын байгууллага нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний акт, хөтөлбөр, төлөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдлөж, хэрэгжүүлэн ажиллаж байна.



