ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ МУЗЕЙН ТАНИЛЦУУЛГА
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндэс суурь болсон Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагуудын түүхэн замналыг харуулсан Онцгой байдлын албаны музейтэй боллоо.
Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгий, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстэн нартай холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдээд байна.
Музей байгуулагдсанаар Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө амь насаа зориулсан зоригт аврагчдаа хүндэтгэн тэдний үйл хэрэг, намтар түүхийг судлан, байгуулсан гавъяа, хичээл зүтгэлийг нь хүндэтгэн, ахмад үеийн дайчин баатарлаг уламжлалаар хойч үеэ хүмүүжүүлэх, сурталчлан таниулах “ОНЦГОЙ БАЙДЛЫН МУЗЕЙ”-д тавтай морилно уу.