Э.Энхбат: Шөнө унтаж байхдаа хүртэл довтолгооны шатаа зүүдэлдэг байлаа

enhbat.jpg

Манай улсад албаны мэргэжлийн спорт болох Гал унтраах техникийн олон төрөлт спорт 1956 оноос үүсэн хөгжиж эхэлсэн түүхтэй. Энэ жил тус спортын Монгол Улсад үүсэн хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа юм. Түүнчлэн долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд Булган аймагт Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм.
Тэгвэл тус спортын довтолгооны шатны төрөлд 13.56 секунд, саадтай 100 метрийн гүйлтийн төрөлд 16.07 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг Олон улсын хэмжээний мастер Э.Энхбат эзэмшдэг билээ. Ингээд Давтан сургалт, сэргээн заслын төвийн арга зүйч багш, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Э.Энхбаттай уулзаж ярилцлаа.

– Тамирчнаас асар их тэвчээр, бэлтгэлжилт шаарддаг Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Яаж яваад энэ спортод уруу татагдчихав?
– Би Төв аймгийн унаган хүүхэд л дээ. Төв аймагтаа арван жилийн сургуулиа төгссөн. Сургууль төгсөх үедээ аав маань барилгын инженер хүн учраас аавынхаа мэргэжлийг өвлөж энэ чиглэлээр суралцана гэж байсан юм. Гэтэл хуваарь нь дуусчихсан. Тэгэхээр нь барилгын инженерээр л биш бол өөр чиглэлээр суралцахгүй гээд аавыгаа дагаад нэг жил туслах ажилтан хийсэн. Тэгсэн нь аймгийн Онцгой байдлын хэлтэст хүүхдүүд шалгаж авч байна аа, очоод шалгалт өг, манай алба их сайхан алба шүү гэж нэг хуурай ах маань намайг ятгасан юм. Одоо Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт салаан захирагч хийж байгаа Цэрэнхүү гэж хүн бий. Би тухайн үед чөлөөт бөхөөр барилддаг, үсэрч харайдаг л нөхөр байлаа. Тийм болохоор чи их тохирно, Гал унтраах техникийн олон төрөлт спорт гэж гоё спорт байдаг, чи тэрүүгээр хичээллэх хэрэгтэй гэж Цэрэнхүү ах албаа нэлээд рекламдсан л даа. Тэгээд аав, ээждээ хэлээд, 20-иод залуутай хамт шалгуулснаас дөрөв, таван хүүхэд л тэнцэж үлдтэл миний энэ спортын анхны багш болох Ганболд багш маань “За энэ хүүхдүүд яваад хөнжил пүүгээгээ бэлдээд ир” гээд л шууд тэмцээний бэлтгэлд байрлуулчихсан. Албатайгаа ч танилцаж амжилгүй, ямар төрлийн спортыг нь ч мэдэлгүй шууд л тэмцээний бэлтгэлд орчихсон доо. Ингэж л миний энэ спортоор хичээллэх гараа эхэлсэн.
– Тэгээд оролцсон хамгийн анхны тэмцээн чинь гэвэл?
– Тухайн үед буюу 2007 онд Баянхонгор аймагт бүсийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байсан юм. Гэтэл манай нэг тамирчин бэртэл аваад тамирчдын тоо дутаад, яг тэр үед нь би нөхөгдөж орж ирээд багийн бүрэлдэхүүнд багтаад тэмцээнд явж байлаа. Ингээд бүсийн аваргаар бид байлдааны тархалтын төрлөөр алтан медаль авсан. Үүндээ урамшаад эргэлт буцалтгүйгээр хичээллэхээр шийдсэн дээ.
– Анх албатайгаа ч танилцаж амжаагүй хүүхэд огт мэдэхгүй спортын бэлтгэлд гэнэт гарчихаар ямар санагдаж байв?
– Анхлаад ч шантарсан шүү. Гэхдээ би шартай л даа. Шартай тулдаа тэсч үлдсэн гэж одоо боддог. Сурагчийн ширээнээс гараагүй шахам хүн чинь ажил хийж үзээгүй, их булбарай амьтан байдаг юм байна л даа. Бэлтгэл гараад эхэлсэн чинь гар цэврүүтээд, хагарч шархлаад, довтолгооны шатаа барьж чадахгүй болж байгаа юм чинь. Тэгэхээр нь шантарна.
Тэгсэн хэрнээ заавал хийх ёстойдоо гэж гүрийгээд л бэлтгэлээ хийсээр байгаад сүүлдээ бүүр энэ спортдоо дурлах болсон доо. Харин надтай хамт бэлтгэлд гарсан шинэ цэргүүд маань бүгд хаяж явсан. Тэднээсээ ганцаараа үлдээд бэлтгэл хийсээр байтал ах нар “өө наадуул чинь ингээд л явчихдаг юм. Наадах чинь ч удахгүй явна даа” л гэнэ. Хоолонд орох болохоороо намайг чи тэр бэлтгэлээ хийж бай гээд ганцааранг нь хаячихаад яваад өгнө. Тэгэх тусам нь би шарандаа бэлтгэлээ сайн хийхийг хичээдэг байлаа. Тэгж бэлтгэл хийсний үр дүнд одоогийн энэ сайхан амжилтаа гаргасан гэж боддог юм.
– Баянхонгорт болсон бүсийн тэмцээнээс багаараа алтан медаль хүртэж анхны амжилтаа гаргаж байж. Тэгвэл хувь тамирчны хувьд анхны алтан медалиа хаанаас авсан бэ?
– 2008 онд Улаанбаатарт ирж улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орсон. Гайгүй ч амжилт гаргасан. Нэгдүгээр зэргийн болзлоо хангасан. Тэгээд ажлаа хийж байтал манай салааны дарга, офицерууд маань намайг “Чи одоо сургуульд явах хэрэгтэй” гэж дэмжээд би 2009 онд конкурс өгсөн юм. Тэр жил Өвөрхангай аймагт бүсийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Би ч конкурсээ өгчихөөд тэмцээндээ явчихсан. Энэ тэмцээнээс би довтолгооны шатаар түрүүлээд, алтан медаль авсан. Рекорд эвдсэн төрлөөрөө анхны алтан медалиа авсан нь энэ. Тэгээд 100 метрийн саадтай гүйлтэд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон юм. Гэтэл хойд бүсэд бас нэг тамирчин миний эвдсэн амжилтыг арай багаар эвдээд, тэрний амжилт рекордод тооцогдож байлаа. Ингээд тэмцээнээс иртэл сургуульд явах тушаал маань гарчихсан байсан. Тэгсэн нь газрын дарга хурандаа Ганбат “За Энхбат дараа жил 2010 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийнхаа нэр дээрээс оролц. Дараа нь дарга нь чамайг шууд сургуульд оруулж өгье. Энэ жил явуулахгүй ээ” гэсэн. Тэгээд гэрийнхэндээ хэлчихээд л сургуульд явахаа больчихоод байж байтал хүний нөөцийн мэргэжилтэн дуудаад “Чи яахаараа сургуульдаа явдаггүй нөхөр вэ. Даргатай уулзахгүй яв. Би даргад хэлчихнэ” гэснээр би хичээл эхэлсэнээс хойш долоо хоногийн дараа сургуульдаа ирж сурсан даа.
– Оюутан байхдаа ёстой өөрийн чинь од нь гийнэ гэдэг л болсон юм биш үү. Суралцаж байхдаа л хамгийн өндөр амжилтуудаа гаргасан юм билээ?
– Хууль сахиулахын их сургуульдаа ирснээр Баттөмөр багшийнхаа удирдлага дор их гоё баг бүрдүүлсэн. Тэгээд бид 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд орсноор сургууль маань түүхэндээ Улсын аваргын анхны цомоо авч байлаа. Энэ тэмцээнд би довтолгооны шатны төрөлд түрүүлээд, 4х4-т түрүүлээд, багийн дүнгээр түрүүлээд, хоёр төрөлтийн нийлбэр дүнгээр түрүүлсэн. Яг мандаж гарч ирсэн үе маань юм. Үнэхээр энэ спортдоо дурлачихсан, шөнө унтаж байхдаа хүртэл довтолгооны шатаа зүүдэлдэг байлаа.
Манай сургуулийн баг 2011 онд хотын аваргад түрүүлээд, 2012 онд Өмнөговь аймагт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд, дахиад 2013 оны бүсийн аваргад түрүүлж байлаа.
Сургуулийн шигшээ баг маань ингэж сайхан бүрдсэн ч хүүхдүүд сургуулиа төгсөөд явахаар заавал нэг хоёр тамирчны орон зай гарчихна. Үүнийг залгамж халаагаа бэлтгэж нөхөхийг Баттөмөр багш маань бидэнд маш сайн суулгаж өгсөн. Тэгснээр бид хөдөө орон нутагт очоод ажиллахдаа энэ спортоо хөгжүүлэх, залгамж халаагаа бэлтгэх дээр анхаарал хандуулж ажилласан даа.
– Бас оюутан байхдаа дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтод анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон бил үү?
– Тэгсэн. 2010 онд бидэнд ГУТОТС-ын дэлхийн аваргын тэмцээнд орох боломж байгаагүй юм. Харин дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтод оролцох боломж тохиосон. Энэ тоглолтод манай Монгол Улс анх удаа оролцсон юм.

Тэгэхдээ гурван төрөлд ороод хоёроос нь медаль аваад ирж байлаа. Бидэнд ч маш их туршлага болсон. Мэдэхгүй зүйл ч их байсан.
– Тэгээд 2013 онд дэлхийн аваргын тэмцээнд явсан байх аа?
– Тийм. ГУТОТС-ын холбоо, Онцгой байдлын ерөнхий газрынхаа тусламж дэмжлэгээр бид 2013 онд дэлхийн аваргын тэмцээнд очиж оролцсон. Тэнд би довтолгооны шатны төрөлд 13.92 секундын амжилтаар Монголынхоо рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ-ын болзлоо хангаж байлаа.
Бид багаараа зургаадугаар байрт шалгарсан. Гадаадын тамирчид биднийг тийм сайн оролцоно гэж бодоогүй, маш сайн байна гэж үнэлж байсан. Бидний хувьд тэндээс туршлага судлах зүйл маш их байсан. Техник хэрэгсэлээ хөгжүүлэх ёстой юм байна гэх мэтээр жижиг гэлтгүй харж, суралцах зүйл олон байсан.
Ер нь гадаадын тэмцээнд оролцох тусам түүнийгээ дагаад бид дэлхийтэйгээ хөл нийлүүлэн хөгжих боломж их байдаг. Тэдний техник хэрэгслийг харж, олж ирэхээс эхлүүлээд олон зүйл бий.
– Тэгвэл дэлхийд очиж өрсөлдөхийн тулд манай тамирчид юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?
– Бид цорго буудалт дээр хамгийн их алдаа гаргадаг. Уг нь бидний дэлхийн аваргаас хамгийн их медаль авах боломжтой төрөл бол байлдааны тархалт.
Харин амжилт гаргаж чадахгүй байгаа нь тамирчдын сэтгэлзүй, бэлтгэлжилтын байдал гээд олон зүйлээс шалтгаалдаг байх. Үүн дээр бид одоо маш их анхаарч ажиллаж байгаа. Одоо нэгэнт шигшээ багтай болсон болохоор энэ мэтийн зүйл дээрээ илүү анхаарал хандуулж, ямар ч тохиолдолд сэтгэлзүй болоод бие бялдрын бүрэн бэлтгэлжилттэй байх ёстой гэж бодож байна. Үүндээ ч хүрэхийн тулд ажиллаж байна даа.
Тун удахгүй улсын аварга шалгаруулах тэмцээн маань болно. Нэлээд өрсөлдөөнтэй болох болов уу гэж бодож байгаа. Улсын аваргын дараа Сочид залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор залуучуудын шигшээ багаа дасгалжуулж байна. Мөн цаашдаа энэ спортод эмэгтэй багийг бэлтгэвэл бид бас илүү амжилт гаргах юм шиг санагддаг.

scroll to top