Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас “Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд ОБЕГ, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, МУИС, ҮБХИС, Шинжлэх ухааны академийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ДХИС-ийн болон техник, технологийн тэргүүлэгч хувийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.
ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээллийн технологийн өнөөгийн байдал”, МУИС-ийн дэд профессор Б.Сайнбуян “Ой, хээрийн түймрийн шатсан талбай, түүний шаталтын зэрэглэлд нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарлын судалгаа”, ШУА-ийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Л.Очирхуяг “Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын оронзайн тархалтын зураглалыг боловсруулах нь”, МУИС-ийн ХШУ-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш, магистр Ч.Болорчулуун, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Программ хангамжийн тасгийн Газарзүйн программ хангамжийн ахлах инженер М.Төрболд нар “Хиймэл оюунд суурилсан дулаан мэдрэгчтэй ухаалаг дроны зураглалыг эрэн хайх ажиллагаанд ашиглах боломж”, ХААИС-ийн дэд профессор Г.Ганзориг “Хиймэл оюун ухааныг шинжлэх ухааны өгүүлэлд ашиглах боломж”, ОБС-ийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл “Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт илтгэлүүдийг танилцууллаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.