Б.Уранцэцэг: Би аавынхаа үргэлжлэл…

90476342_606966693482967_8173491127006003200_n.jpg

   “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Баасандоржийн Уранцэцэгийг урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2019 оны “Шилдэг ажилтан”-аар шалгарсан юм. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь  өнгөрсөн онд архивын улсын үзлэгээр “А” үнэлгээтэй дүгнэгдэж аймагтаа гуравдугаар байр эзэлсэн. Тэрээр 1991 оноос хойшхи албаны бүх бичиг баримтаа бүрэн цахимжуулж архивын өрөө тасалгааг стандартын дагуу тохижуулан дохиололтой болгож  камержуулсан байна.  

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

Бид өглөөг цагтай уралдаж эхлүүлдэг. Нөхөр бид хоёр хоёулаа төрийн тусгай, тэр дундаа Цэргийн байгууллагад ажилладаг учраас шинэ өглөөг эрч хүчтэй, эмх цэгцтэй эхлүүлбэл тэр өдрийн ажил бүтнэ гэж боддог. Хамтдаа өглөөний цайгаа бэлдээд хоёр хүүгээ босгож хувцаслаад л ажил руугаа явдаг даа. 

   -Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад

      Тийм шүү. Таны хэлснээр хязгааргүй мөрөөдөлд автдаг. Уншсан номныхоо үйл явдлыг бодит болгож өөрийн төсөөлөлд автаад л “Би гол дүр байсан бол ингэх байсан даа” гэж төсөөлнө. Далайн гүн рүү шумбаж нам гүн ертөнцийн нууцыг олж хармаар байна. Шүхрээр бууж өөрийн айдсыг давахыг хүсдэг гээд зөндөө олон юм байна аа байна. /инээв/

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу. Эсвэл?

   Өөрийгөө бичиг цаасанд дарагдсан ажил хийдэг хүн болно гэж төсөөлдөг байлаа. Тэр маань ч биеллээ олсон. /инээв/.  Манай удамд цэргийн хүн байхгүй болоод тэрүү анх Онцгой байдлын байгууллагад ажилд орохдоо их л айж байснаа санадаг юм. Гэхдээ би айдсаа давж чадахаас гадна миний сонгосон хамгийн зөв газар энэ байгууллага байсан гэдгийг цаг үе бүхэндээ мэдэрч, бахархдаг. Ажилтай, аз жаргал дүүрэн гэр бүлтэй болсон болохоор энэ бүхэн л надад хангалттай.

-Нас, насны мөрөөдлийн өнгө өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

Мөрөөдөл минь цэргийн байгууллагад орсон цагаас л өөрчлөгдөж эхэлсэн. Магадгүй хүсээд байсан мөрөөдөл маань энэ байсан байх. Том хүү маань цагдаа болно гэдэг бол бага хүү маань аврагч болно гэдэг. Тэдний минь мөрөөдөл аав, ээжийнхээ мөрөөдлийн өнгөтэй адилхан болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол

Хүн их ажилд биш эмх цэгцгүй ажилд ядардаг гэдэг үгийг би үргэлж өөртөө хэлдэг.  Удирдлага чинь хараагүй байсан ч ажлаа хийсээр байх нь өөрөө амжилт. Манай байгууллага аймагтаа цорын ганц бүрэн цахимжсан байгууллага болж чадсан. Анх ажилд ороод л өөрийн ойлгож сурч мэдсэн бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Өдөр тутмын ажлын хажуугаар архивын баримтаа цэгцлэх хүндрэлтэй, цахимжуулах ажил нь удаашралтай байгаа мэт санагдаж байсан учраас амралтын өдрөөр гэрийнхээ ажлыг амжуулчхаад ажил дээрээ ирээд баримтаа цэгцэлдэг байлаа. Нэг л мэдэхэд би маш их ажлыг амжуулж чадсан байсан. Байгууллагын удирдлага маань надаас ийм л зүйлийг олж харахыг хүссэн байх. Даргын өгсөн үүргийг ял мэтээр хүлээж авдаг хүмүүс түүний цаана ямар амжилт, боломж хүлээж байгааг хардаггүй байх л гэж боддог.

-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг их хурцалдаг вэ ?

Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авч өөртөө тусгаж ажиллаж чадвал амжилтад хүрдэг гэж боддог. Хааяа шүүмжийн үгэнд гомддог ч эргээд харахад түүний хүчээр өдий зэрэгтэй яваа мэт санагддаг. Харин магтаалын үгэнд дургүй хүн байдаггүй шүү дээ. Манай хүн “Миний хань ажилсаг шүү” гэж хэлэхэд л урамшаад гэрээ улам цэмцийлгэх, “Манай Уранаа ажлаа сайн хийсэн байна” гэх хамт олны үг, цагаа олсон магтаал нь шантрах үеийг минь давах хүч, улам хичээх шалтгаан нь болдог. Ямар ч зүйлд зөв хандлага л хэрэгтэй.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Аз жаргал та бидний зүрхэнд байна. Аз жаргал биднээс холдох боломжгүй. Хайртай хань, үр хүүхэд, аав ижий минь хажууд байгаа учраас.

-Таны бахархал

Миний бахархал миний аав. Тэр эгэл жирийн, ажилсаг, хөдөлмөрч зангаараа Өлгий нутагт алдаршсан хүн. Цагаан Бааскаа  гэдэг нэрийг сонсвол танихгүй хүн гэж бараг байхгүй дээ. Намайг бага байхад аав маань гүйлтийн тэмцээнд ороод тэргүүн байр эзэлж шагналын мөнгөө аваад 3 охиндоо цагаан даашинз авч өгч байсныг би үргэлж санадаг. Насаараа төрийн албанд зүтгэж ариун цагаан хөдөлмөрөөрөө үр хүүхдээ өдий зэрэгт хүргэсэн учраас тэднийхээ ачийг хариулж ажилдаа хариуцлагатай байж амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг хичээдэг. Би аавынхаа үргэлжлэл…

Эх сурвалж. “Онцгой мэдээ” сонин

scroll to top