Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэн бэлчир орчим,  Өмнөговийн нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус,  Монгол Алтайн нуруу болон Олон нууруудын хөндийгөөр 11-16 градус дулаан, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 1 градус дулаан байна.

Төлөв байдал: 22, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22, 24-нд говь, талын нутгаар  секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 8-13 градус дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Дөрвөлжийн 12 айл”-ын 3 давхар орон сууцны 1 дүгээр давхарт иргэн П-ийнх шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, ЭХАС-ын алба хаагчид 2 км замыг туулан 14:03 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “61 дүгээр зөрлөг” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 11 км, аймгийн төвөөс зүүн зүгт 20 км иргэн Э-ийн 6х24 метрийн хэмжээтэй морины жүчээ шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 14:25 цагт очиж 1:20 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 49 дүгээр гудамжинд иргэн У-ын 5 ханатай гэр, 12 метр хашаа, 1х0.5 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 130 ширхэг автомашины хуучин дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 15:53 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 11 дүгээр багийн Хивс хорооллын 6 дугаар гудамжинд иргэн Н-ын 10х18 метрийн хэмжээтэй дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 19:11 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгайд иргэн О-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:27 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хороолол 5-ын 7 дугаар байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 03:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:42 цагт очиж 1:19 цаг ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, 04.19-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулж 04.20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн “Бөгтөрийн нуруу” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 13 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 82 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 3 бүлэгт хуваагдан ажиллаж, 04.19-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж 04.20-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 358 га ойн талбай шатсан.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1 дүгээр гудамжинд иргэн Д-ын Хово загварын ачааны автомашин айлын байшин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 12:55 цагт очиж байшингаас иргэн Ц /28 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/ нарыг аварч гарган, жолооч Д/28 настай, эрэгтэй/ автомашины жолооны хүрдэнд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТөвийн хүлээн авахын эмчид, мөн хэргийн газрыг Тээврийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top