1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 2 дугаар гудамжинд иргэн Д-ийн 6×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 11:31 цагт хүрэлцэн очиж 55 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг хорооллын 03 дугаар гудамжинд эзэнгүй айлын хашаанд 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага 05.02-ны өдрийн 14:52 цагт ирсэн. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:55 цагт очиж 5 минут ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 12 дугаар гудамжинд иргэн Ж-ын 6×5 метрийн хэмжээтэй байшингийн дотор таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:20 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо Туулын 11 дүгээр гудамжинд иргэн И-ийн 6×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:04 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн задгайд иргэн Г-ийн 6×6 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан 23:47 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Овоотын 7 дугаар гудамжинд игэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр 2 ширхэг, Гранд марк 2 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 04:08 цагт очиж 34 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, ҮАБ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж баруун урд, баруун, баруун хойд талыг барьсан зүүн тал, зүүн хойд талд ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 1000 га талбай шатсан./
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн сургалт, гал түймрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуягаар ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Аврах анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн ногоон бүс дэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, “Мөнх хас цамхаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж 13:18 цагт цурамд оруулсан. Түймэрт өртөж шатсан талбайг бүрэн цэвэрлээд 05.03-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Түймрийг 04.28-ны өдрийн 09:00 цагт цурамд оруулсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд ажиллан 05.02-ны өдрийн 13:58 цагт бүрэн унтраасан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатсан./
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн “Онгоны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 04.30-ны өдрийн 23:00 цагт цурамд оруулсан. Түймэрт өртөж шатсан талбайг бүрэн цэвэрлэж дуусган 05.03-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б/60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. 04.30-ны өдрийн 06:57 цагаас Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг Улаан шивээ гэх газраас Ноён уулын хавцал хүртэл 15 км, Улаан шивээ гэх газраас Сүмийн булан хүртэл 7 км зайд усаар завьтай урсаж, анх унасан газраас 50 м-ийн радиус дотор 2 удаа гүнийн шумбалт хийн, нийт 22 км зайд усаар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 05.01-ний өдрийн 09:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 05.04-ний өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР