Сурвалжилга: Цар тахлын үед бид ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ

15888591515eb4110f4a7bf.jpg

Ц.Янжиндулам

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн эсрэг улс үндэстэн бүр бэлэн байдал зарлан, чадлаараа тэмцэж байна. Манай улсын хувьд ч бүх шатны нэгжид хэсэгчилсэн бэлэн байдлыг зарлаж, иргэд олон нийтэд вирусийн талаарх мэдээлэл, зааварчилгааг хүргэсээр буй. Иймдээ ч тавдугаар сарын 6-8 өдрүүдэд “Covid-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” гамшгийн үеийн сургуулилтыг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоон, цар тахлын үеийн дадлага сургуулилтыг хийсэн. Дадлага сургуулилалтын байдлыг олон нийтэд нээлттэй хүргэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцсон баг  цар тахлын хариу арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэх талаарх сургалтыг газар дээрээс нь сурвалжиллаа.

“Цар тахлын үед иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал хоёр метрийн зайг баримтална”

Сүхбаатарын талбайгаас хэвлэл мэдээллийнхэн нэгдсэн журмаар 14:00 цаг орчимд хөдөлсөн юм. Тусгай маршрутын дагуу очсон эхний газар бол Чингэлтэй дүүргийн 4дүгээр хороонд байрлах дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр байлаа.  Тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцастай алба хаагчид сэтгүүлчдийг онцгой бүс рүү нэвтрүүлсэн юм. Ингэхдээ тусгай хөл хорионы үеийн зарчмаар сэтгүүлчдийг ч ариутгалын бүсээр оруулав.  Эхний хүргэх сургалтын гол зорилго бол коронавирусийн цар тахлын үед иргэдэд вирусийн илрүүлгийг хийх, сэжигтэй иргэн болон түүний ойрын хавьтлын тохиолдлуудад ямар шуурхай арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зүгээс авч ажиллах вэ гэдгийг харуулах юм.

Нэгдлийн гадна талбайд халдварын хяналтын цэг болон халдварын тусгаарлах цэгүүдийг байршуулсан байлаа. Дадлага сургуулилалтаар хяналтын цэгт иргэд үзүүлэхдээ хоорондоо хоёр метрийн зай барьж, дараалан үйлчлүүлэх, сувилагчийн асуух асуумжид хариулах, халуунаа шалгуулах зэргээр эрэмбэлэн ялгах тасгийн хэсэгт дадлагыг үргэлжлүүлсэн юм. Үүний дараагаар хорио тогтоосон бүсэд  сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д дуудлага мэдээллийг цаг алдалгүй өгч, ХӨСҮТ-ийн шуурхай албаны машин ирж, сэжигтэй иргэнийг тусгаарлан авч явах зэрэг дадлагын үйл явц өрнөв. Сувилагч, эмнэлзүйн эмч, халдвар судлалын эмч мөн программаар сэжигтэй тохиолдлыг шууд бүртгэх мэдээлэл технологийн ажилтнуудаас бүрдсэн баг үзлэгийн цэгт ажиллаж байсан юм.

Мөн цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага түргэн шуурхай ажиллах, мэдээллээ солилцох боломж бүхий программыг нэвтрүүлж байгаа болохыг  холбогдох хүмүүс үйл ажиллагааны үеэр дурьдав. Тусгай хүчний бүрэлдэхүүн оролцсон уг сургуулилалт улсын хэмжээнд цахим хуудсаар давхар хүрч байлаа. Тусгай сургуулилалтын бэлтгэл сайн хангагдсан болох нь үйл ажиллагааны явц дахь дэгээс ажиглагдсан. Бүгчим салхитай өдрөөр ядарч цуцахгүйгээр зогсох алба хаагчдад баяр хүргэмээр санагдсан юм.

“Хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд нарийн зохион байгуулалтыг хийж ажиллах ёстой байдаг”

30 гаруй минут үргэлжилсэн эрүүл мэндийн төвийн дадлага сургуулилалтын ажил дууслаа. Бид цааш явсаар дараагийн сургуулилалт болох Чингэлтэй дүүргийн 15 хороонд очив.  Тухайн хороонд цар тахлын үеийн хэд хэдэн арга хэмжээг хүргэхээр бэлтгэл ажлыг хангасан байлаа. Иргэдэд хөл хорионы үеэр гэрээсээ ямар зохион байгуулалттай гарч, дэлгүүрээс худалдан авалт хийх талаарх сургуулилалтаар үргэлжиллээ. “Баян төгрөг” мини маркетийн гадна иргэд тогтоосон шугамын дагуу зогсчээ. Иргэдийн хувьд нэг нэгээрээ үйлчлүүлэх, хоорондын зайг 2 метр барих мөн зөвхөн өөрийн хэрэгцээний бүтээгдэхүүнийг авах зэрэг шаардлагыг цар тахлын үед дагах ёстой аж. Тухайн сургуулилалтын талаар Чингэлтэй дүүргийн шуурхай штабын дарга Н.Нямхорлоо хэлэхдээ “Цар тахлын үед иргэдэд хүнсний хэрэгцээ, шаардлага их болно. Иргэдэд ЭМЯ болон ДЭМБ-аас өгсөн тодорхой үүрэг чиглэлийн дагуу зай хэмжээг нь өгч, дэлгүүрээс ямар ямар худалдан авалт хийх вэ гэх дадлага сургуулилтыг хийх юм” гэв.

Харин хүнсний хомсдолыг үүсгэхгүйн тулд Онцгой байдлын албанаас гамшгийн үед зайлшгүй авч хэрэглэх ёстой есөн төрлийн бүтээгдэхүүний нэршлийг тодорхойлжээ. Тухайн бүтээгдэхүүнүүдийн нормыг хөл хорионы үеийнхээр нарийн гаргаж, тодорхой хуваарийн дагуу олгох ёстой болохыг хэлж байлаа. Үүнд гурил, гурилан бүтээгдэхүүн, давс, элсэн чихэр, будаа, мах, сүү гэх мэт багтах юм. Хэрэв халдвар тархсан үед гар ариутгагч, маск, оо, саван зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд хомсдол үүсвэл мөн адил төрийн зохицуулалтаар нормыг нарийн тогтоож, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах аж.

“Мэргэжлийн хяналтын баг худгийн уснаас дээж авч шинжилсний дараагаар ус түгээх ёстой”

Дараагийн сургуулилалт бол худгаас хэрхэн ус авах талаар юм. Сургуулилалтаар хэд хэдэн дараалалтай ажиллах аж. Гэр хорооллын худгийн уснаас МХЕГ-ын явуулын лаборатори дээж авч ажиллана. Шинжилгээний хариу 10 минутын дараа гарах юм. Усны агууламж, чанар асуудалгүй гарсан тохиолдолд тухайн зөөвөрлөгдөн ирсэн усны машинаас усыг худаг руу хийх боломж бүрдэнэ. Ингэснээр иргэд усаа авах боломжтой болно. Усыг авахдаа мөн л бусад арга хэмжээний адилаар хоорондох зайгаа барьж, маск, бээлийг хэрэглэх ёстой гэдгийг анхаарууллаа.   

Мөн цар тахлын үед иргэдийн орчинд төвлөрсөн хогийг хогны машин, ажилчид ачиж орчныг цэвэр болгох юм. Үүний дараагаар зорилтот бүлгийн иргэдэд хүнсний хэрэгцээ ихээр үүссэн тохиолдолд “Улаан Загалмай” нийгэмлэгээс хэрхэн хүнс хүргэж өгөх талаар тайлбарлав. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүний тусламжийг гараас гарт дамжуулахгүйгээр түгээж байгааг сургуулилтаар харууллаа.

Цар тахлын эсрэг хариу авах арга хэмжээний сургуулилалт өндөрлөлөө. Төрийн тусгай алба хаагчдын зүгээс өндөр шалгуур, дэг журмыг олон нийтэд сахиулах тал дээр маш сайн ажилласан болохыг үйл ажиллагаа бүрээс харсан юм. Басхүү дүүргийн нутаг дэвсгэр рүү нэвтрэхэд хөл хорио гэгч жинхэнэ утгаар ноёрхож, чимээ аниргүй байдал хотын нэг хэсгийг бүрхээд авсан нь мэдэгдэж байлаа. Дүүргийн хэмжээнд 63.9 километр талбайд 9 тусгай пост гарсан бөгөөд нийт 2100 гаруй алба хаагч хамгаалалтад ажилласан аж. Мөн хороолол бүрийн төгсгөлд олон нийтийн байцаагч нар ажиллаж байлаа. Иргэдийн ач холбогдол өгсөн байдал, алба хаагчдын бэлтгэл, үйл ажиллагаа зэрэгт онц дүн тавихаас  өөр сонголт үгүй санагдав.

Эх сурвалж: zaluu.com

scroll to top