Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 8-13 м/с, шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр бага зэргийн бороо, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар 14-16 м/с, 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст түр зуур 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29 дүгээр гудамжинд байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 09:00 цагт очиж, иргэн Б-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын хана, иргэн А-ын 5 метр хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:20 цагт очиж, иргэн А-ын 4 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндаваа хэсгийн 8 дугаар гудамжинд өвөлжөө шатаж байна дуудлагыг 05.12-ны өдрийн 15:29 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан, 15:39 цагт очиж, иргэн Ц-ийн 14х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж  унтраасан.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:46 цагт очиж, иргэн П-ын 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.           

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ганцын даваа” гэдэг газар /Хилийн 616 дугаар баганаас 500 м, сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хилийн 0243 дугаар ангийн алба хаагчид, тус сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 05.12-ны өдрийн 12:10 цагт түймрийг цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны дэргэд орон сууцны баригдаж буй барилгад хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:14 цагт очиж, тус орон сууцны баригдаж буй барилгын 2 дугаар давхарт тус дүүргийн иргэн Т/20 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшинд шилжүүлж өгсөн.   

5.Мэдээлэл:

Обьектын гал түймэр: Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн 4 айлын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан.   Орон нутгийн иргэд иргэн Ц-ийн 32х8 метрийн хэмжээтэй орон сууцны үүдний амбаар 2, дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж, унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн 1 дүгээр гудамжинд 05.12-ны өдрийн 00:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг 05.12-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 3 цаг ажиллаж, иргэн Л-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин, тавилгын хамт шатсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Цогт-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Төмөр толгой”-н уурхайн хажууд /аймгийн төвөөс зүүн урагшаа 38 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:40 цагт хүлээн авсан.      Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулж, 11:38 цагт очиход Дархан-Уул аймгаас Шарын гол сумын чиглэлд тус аймгийн харьяат иргэн Б-ийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг иргэн О аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.    

Ой, хээрийн гал түймэр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Шимт нарс” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.  Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын Салхит Гал унтраах хэсгийн алба хаагчид 5 км замыг туулан 12:05 цагт очиж, хөвд, модны боргоцой шатаж байсныг 15 минут ажиллаж унтрааж, тус багийн Засаг дарга Э.Батсүхэд хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн “Дээд захын мод” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 110 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 05.12-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Цогтсайханаар ахлуулсан сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 15:20 цагт унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

     

             

        

scroll to top