Г.Номин
Гагнуурын оч түймэр болон асаж, 382 сая төгрөгийн хохирол учруулсан тохиолдол өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарч байв. Түймэр ямар хохирол дагуулдгийг илтгэх ганцхан тоог дурдахад л энэ.
Жил бүрийн хавар, намар буюу хуурайшилт(Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-н, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-н хүртэл)-ын үед түймэр гарах эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байдаг ч дутуу унтраасан тамхины иш, шүдэнз, хуучин хувцас, шар өвс шатаах гэсэн иргэдийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл нь гал гарах шатгаан болсоор байна.
Энэ онд ч мөн дээр дурдсан болгоомжгүй үйлдэл дахин дахин гарсаар байгаа нь харамсалтай. Тодруулбал, дутуу унтраасан тамхины ишнээс үүдэлтэйгээр Соёмботой уул л гэхэд энэ онд хоёр удаа шатав. Мөн Арцатын аманд хуучин хувцсаа шатаах гэж байгаад гал алдсан тохиолдол гарлаа.
Нийт түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй
2020 оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Ой, хээрийн гал түймрийн дуудлага нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 53 суманд нийт 69 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 4,524 га, хээрийн 95,941 га буюу нийт 100,465 га талбай өртөж, хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж, нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсныг ОБЕГ-аас мэдээлээд буй.
Тэгвэл олон жилийн мэдээллээс үзэхэд, манай орны хувьд жилд гардаг нийт түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, 5-8 хувь нь аянга, цахилгаан, бусад шалтгаанаас үүдэлтэй байдгийг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлж байв.
График. Олон жилийн дунджаар жилд гарсан нийт түймрийн тохиолдлыг түймрийн аюултай саруудаар авч үзвэл 86 хувь нь 2-6 дугаар сард, 14 орчим хувь нь 9-10 дугаар сард гардаг байна.
Түймэр гарах магадлал өндөртэй хугацаа тодорхой, дийлэнх тохиолдолд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаа нь эндээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл ой хээрийн түймэр бол урьдчилан сэргийлэх боломжтой зүйл.
Богино хугацаанд маш их хэмжээний хохирол учруулдаг түймрийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, эцсийн байдлаар тогтоогдсон хохирлын дүн нэг тохиолдол дээр л гэхэд 382 сая төгрөг болж байв. Хуулийн дагуу түймрийн улмаас үүссэн хохирол, унтраахад гаргасан нийт зардлыг буруутай этгээдээр төлүүлээд, үүн дээрээ эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Тэр ч байтугай хуурайшилтын улиралд ойд зугаалах нь хориотой бөгөөд гал гарах өндөр эрсдэлтэй энэ хугацаанд ойд ил гал гаргах (гал түлэх, шүдэнз асаах гэх мэт) тохиолдолд иргэнийг 50 нэгж(50,000 төгрөг), ААН-ийг 300 нэгж(300,000 төгрөг)-ээр торгох хуулийн заалттай. Санамсар болгоомжгүй үйлдэл гаргаж, гал алдаагүй ч хуурайшилтын улиралд ойд явж байгаад тамхи асаах нь 50,000 төгрөгөөр торгуулах үндэслэл болох нь.
Ой мод ямар үнэтэй вэ?
Тэгвэл ой модыг хэрхэн үнэлдэг вэ, экологийн үр өгөөжүүдийг үнэлгээнд оруулж тооцдог эсэх талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаагаас тодруулсан юм.
Энэ оны гуравдугаар сард БОАЖ-ын сайдын тушаалаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Шинэ үнэлгээгээр ойн шууд үр ашгийн үнэлгээнээс гадна шууд бус үр ашгийн буюу ойн экологийн үйлчилгээнүүдийг авч тооцдог болсон юм. Тухайлбал, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг ийнхүү нэмж тооцох болсноор нэг шоо метр модны үнэлгээ 2.7 дахин, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгджээ.
Модыг модон материалд шилжүүлэн тооцоход төрлөөс нь (жодоо, торой, сухай, хуш, нарс, гацуур, шинэс, хус хайлаас гэх мэт) хамаараад нэг шоо метрийн экологи-эдийн засгийн үнэлгээ 224,000-1,100,000 төгрөг хүртэл дүнтэй.
Шатсан талбайгаар экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохдоо ойгоор бүрхэгдсэн болон ойгоор бүрхэгдээгүй гэж ангилна.
- Ойгоор бүрхэгдээгүй/5.6 сая.га/ талбайн нэг га талбай 20-31 сая төгрөгийн үнэлгээтэй,
- Ойгоор бүрхэгдсэн/12.4 сая га/ бол тухайн ойд ямар төрлийн мод ургаж байгаагаас шалтгаалаад нэг га нь 5-149 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй.
“Иргэн санамсар, болгоомжгүй үйлдлээсээ болж нэг га нарсан ойг шатаалаа гэхэд 115 сая төгрөгийн хохирлоос гадна түймрийг унтраахад гарсан зардалтай нь хамт төлнө. Тухайн түймрийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол 5-12 жилийн хорих ял ногдуулдаг хуулийн заалттай. Ингээд болгоомжгүйгээсээ болж эдийн засгийн маш хүнд дарамт, эрүүгийн хариуцлагад орсон хүмүүс цөөнгүй. Тиймээс анхаарал, болгоомжтой байгаач ээ” хэмээн Б.Оюунсанаа дарга уриалсан юм.
Ойн нөөц ашигласны төлбөрөөс жилд орон нутгийн төсөвт ордог дунджаар гурван тэрбум орчим төгрөг хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, түүнийг дагаад ойг хамгаалж, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх юм байна. Ойн нөөц ашигласны төлбөрийн 85 хүртэлх хувийг эргээд ой хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулах ёстой.
Харин ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг гурав дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдох тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ногдох нөхөн төлбөр, хариуцлага өндөр болж байгаа ажээ.
Монгол орны ой нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувийг эзэлж, гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг эндэгдэл эрсдлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай багассаар 1950 оныхоос бараг хоёр дахин буураад байна.
Тиймээс өндөр ач холбогдол бүхий ойгоо хамгаалахын тулд хуурайшилтын үед ойд зугаалж, өөрийгөө болон хүрээлэн буй орчноо эрсдэлд оруулахгүй байя.
Эх сурвалж:ikon.mn