Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус,  Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсэгт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:55 цагт очиж, иргэн Б-ийн 2 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 01:31 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01: 35 цагт очиж, иргэн Ц-ын эзэмшлийн 6х7 метрийн байшин шатаж байсныг 2 цаг 29 минут ажиллаж унтраасан.

  Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн залуучуудын хэсэгт иргэн Ц-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 05:42 цагт очиж, 3х7 хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн тухай: Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь багийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ын эзэмшлийн “Гранд марк 2” загварын суудлын автомашин 05.19-ний өдрийн 18:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Цэрэндорж аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top