Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгуудын зарим сумдаар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгороор 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт Найрамдлын замд “Ондилт” ХХК-ийн 15×30 метрийн хэмжээтэй задгай агуулах, 20 литрийн багтаамжтай 3000 ширхэг хар лак, 60 тонны 3 чингэлэг барилгын хар цаас, 15м3 хураалттай банз, 10м3 дулаалгын хавтан, 180 ширхэг мембран дээвэр, 32м3 дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги 6 км замыг туулан 14:51 цагт очиж, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, 2:30 цаг тус тус ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо амины орон сууцны Сансар хотхонд иргэн С-ийн 10х12 метрийн хэмжээтэй 4 давхар байшингийн гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 02:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:49 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 218 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж 05.22-ны өдрийн 19:10 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Архангай аймгийн Булган сумын Баянцагаан багийн “Олон нүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж 05.22-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top