Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи  их төлөв хойноос 5-10 м/с, өдөртөө зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуур болон Их нууруудын хотгороор 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.                                  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26, 28-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг дахь Улаанбаатар төмөр замын харьяа “Замын-Үүд” өртөөний тавдугаар замд Чойр-Эрээн чиглэлд зорчиж явсан галт тэрэгний цувааны 16 дугаар вагонд тээвэрлэж явсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:56 цагт очиж, 20 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн 3 шарын задгай амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 18:55 цагт очиж, УБТЗ-ын харьяа “Дархан өртөө”-ний эзэмшлийн 4х10 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Торгоны зам” ХХК агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:38 цагт очиж, иргэн Ж-ийн эзэмшлийн 40 тонн багтаамжтай 2 чингэлэг дотор хураалгаатай ариун цэврийн цаас шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны урд талд “Отгон-Од” клуб-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:45 цагт очиж, иргэн Т-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Өлийн амны 1 дүгээр гудамжинд гэр, суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 10:50 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны 2 дугаар орцонд тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:27 цагт очиж, тус тоотод оршин суугч иргэн Ч-ийн тагтан дээр эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Хууль зүйн яам”-ны зуслан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 22:18 цагт очиж, иргэн Г-ын эзэмшлийн 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн хананы хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 218 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж 05.22-ны өдрийн 19:10 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 25 га талбай шатсан./

Архангай аймгийн Булган сумын Баянцагаан багийн “Олон нүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т, аймгийн төвөөс урд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 05.22-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурамд оруулж, 05.23-ны өдрийн 19:40 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн 2-36 байрны 1 дүгээр орцонд бага насны 2 хүүхэд унасан тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны цонхоор иргэн А /5 настай, эмэгтэй/, Н /3 настай, эрэгтэй/ нар цонхоор унасан байсныг Эмнэлгийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өгсөн. Мөн Р /6 сартай, эмэгтэй/ харгалзах хүнгүй цоожтой байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул аврах шат ашиглан цонхоор орж хаалыг онгойлгож өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 10 дугаар байрны дээврээс хүн үсэрч, амиа хорлож болзошгүй байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:33 цагт очиж, тус байрны 62 тоотод оршин суугч иргэн Г /22 настай, эмэгтэй/ 9 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн.

5.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Билгэх багийн “Сайн дэрс” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ тус сумын харьяат малчин Д-ийн 5 ханатай гэр 05.23-ны өдрийн 10:25 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдод аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 12:23 цагт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top