Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурга. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчирээр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 15 -17 м/с хүрч ширүүсч, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын  нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 3-нд говь, талын нутгаар, 4,5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 3-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Ар хустай” зуслангийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:21 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:53 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн  “Верна” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 29 дүгээр байрны 3 дугаар орцонд тагт шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 17:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:07 цагт очиж, тус тоотод иргэн Д-ийн тагтан дээр эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг дахь “Идэр” гол модон гүүрний тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаачид 1 км замыг туулан 13:54  цагт очиж, гүүрний 3х3 метрийн хэмжээтэй тулгуур модон багана шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн 36 дугаар байрны гадна талын автомашины зогсоол мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 15:47 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн “Мустанг” загварын мотоцикл шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн  “Саятан” хорооллын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:42 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Овоот” хорооллын 1 дүгээр гудамжинд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 23:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:19 цагт очиж, иргэн О-ийн 6х12 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 23:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:20 цагт очиж, иргэн Б-ийн 5х12 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 04:53 цагт очиж, иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг орон нутгийн 42 иргэн, 4 автомашинтай хамтран 30 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 7 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэрт 3 хүн угаартсан тухай мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн ээлжийн сувилагч М.Мөнхтуяа 06.01-ний өдрийн 10:03 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид 2 км замыг туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэрт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат А /33 настай, эрэгтэй/, тус тоотод оршин суугч Д /31 настай, эмэгтэй/ нар угаартсан байж болзошгүй байдалтай, ухаангүй байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн ээлжийн сувилагч М.Мөнхтуяад, мөн тус тоотод оршин суугч М/17 настай, эмэгтэй/-ийн цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн  хошууч Г.Алтанбагана, цагдаагийн ахмад Г.Гансүх нарт шилжүүлэн өгсөн.

4. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Уураг-Арслантын хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.31-ний өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн ажиллаж, мөн өдрийн 18:50 цагт цурамд оруулж, 06.01-ний өдрийн 14:15 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль хамгаалагч Б.Батпүрэвт хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай шатсан./

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Харлан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 284 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/ 05.27-ны өдрийн 19:00 цагт сураггүй болсон тул тус аймгийн Цагдаагийн газраас “Харгал” нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг 05.30-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. /05.28-29-ний өдрүүдэд Цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй./ Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хилийн 0286 дугаар анги, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 06.01-ний өдөр “Харгал” нууранд 3 метрийн гүнд 2 удаагийн шумбалтыг хийж, нуурын эрэг орчмоор 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр мөн өдрийн 17:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ-Амгалан” хорооллын 520 дугаар байр 12 дугаар давхар барилгын дээврээс хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 13:50 цагт очиж, тус байрны 1 дүгээр орцны 12 дугаар давхрын орцны цонхоор иргэн Н /27 настай, эрэгтэй/ амиа хорлож болзошгүй үсрэх гэж байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Жанлаваар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ний дэргэд “Туул” голын усанд хүн живсэн тухай дуудлагыг 06.01-ний өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:40 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:02 цагт иргэн А /41 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гүүрнээс баруун зүгт 1 км-ийн зайнаас олж гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Баяр-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top