Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орж, Баянхонгор аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи  нутгийн зүүн хэсгээр  баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Эг Үүр орчмоор 10-15 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас,15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи 12-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11 м/с байна.  Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 14,15-нд ихэнх нутгаар дулаахан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 14:24 цагт очиж, иргэн Н-ын эзэмшлийн 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:36 цагт очиж, иргэн Ш-ийн эзэмшлийн 4 ханатай гэр, эд хогшил, “Пулсар” загварын суудлын автомашин, “Пронтиер” загварын ачааны автомашин тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 3 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна  гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.2 км замыг туулан 15:59 цагт очиж, иргэн Н-ийн эзэмшлийн “Эйч Ар-Ви” загварын суудлын автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Өргөн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 272 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан сумын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 17:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 17:40 цагт очиж, иргэн Н-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашин шатаж байсныг 54 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:58 цагт очиж, иргэн О-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил, 3х4 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай 3 ханатай гэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг дахь “Боорж” зочид буудал гал гарч байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:21 цагт очиж, тус зочид буудлын 4х4 метрийн хэмжээтэй халаалтын өрөөний таазны хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т/ Өвөлжөө, малын бууц шатаж байна гэсэн тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 20:25 цагтхүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:13 цагт очиж, иргэн Б-ийн 12х45 метрийн хэмжээтэй өвөлжөөний бууц шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн “Бадрах” хорооллын 60 дугаар байр амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 23:08 цагт хүлээн авсан.  Тус Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 23:11 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.    

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Дундговь аймгийн Адаацаг сум Сүм багийн “Сүмийн хөх бүрд” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ 06.09-ний өдрийн 18:30 цагийн орчим тус сумын Сүм багийн нутгаар 20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас тус багийн “Сүмийн хөх бүрд” гэдэг газар байдаг 10х10 метрийн хэмжээтэй байрны дээврийн төмөр хууларч, малчин П-ын 4 ханатай гэр, малчин Ц-ын 4 ханатай гэр, малчин С-ийн 4 ханатай гэр, малчин Г-ийн 5 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг тус сумын Сүм багийн Засаг дарга Г.Энхбаяр 06.10-ны өдрийн 08:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Сүм багийн Засаг дарга Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг 06.09-ний өдөр тухайн газар очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус сумын харьяат малчин Д-ийн туслах малчин О /38 настай, эрэгтэй/ 06.09-ний өдрийн 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газар, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 06.10-ны өдөр зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:21 цагт түр зогсоосон. 06.11-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн “Нисэгийн шугуйн-Улаан үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 430 км-т/ тус сумын харьяат 7 иргэн жууцай түүж явснаас иргэн О /63 настай, эмэгтэй/ 06.10-ны өдрийн 12:00 цагийн орчим бусдаасаа төөрч сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн 0277 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:53 цагт “Нисэгийн шугуйн-Улаан үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

5.Мэдээлэл:

Бусад: Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Харлан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 284 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ “Харгал” нуурын мандалд хүний цогцос байна гэсэн мэдээллийг 06.10-ны өдрийн 19:16 цагт /19:35 цагт/ хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан цогцсыг гаргаж тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Анхбаярт шилжүүлэн өгсөн. Уг цогцос нь 05.27-ны өдөр “Харгал” нууранд осолдсон байж болзошгүй Тэшиг сумын харьяат Б /43 настай, эрэгтэй/ болох нь тогтоогдсон тухай тус сумын Засаг даргын орлогч Ж.Ганзориг мөн өдрийн 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top