Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Ховд аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал:  16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 11:31 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:45 цагт очиж, иргэн М-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэрийн хойд хэсэг шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.      

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Жаргалант багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:02 цагт очиж, иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.     

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын-Амны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 15:51 цагт очиж, иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 5х4 метрийн хэмжээтэй байшингийн зүүн талын хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Элдэв–Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн хашаанд өвс шатаж  байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:55 цагт очиж, тус сургуулийн хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Туул”-ын голын шинэ гүүрээс зүүн хойд зүгт 1 км-т автомашинууд мөргөлдөж төмөр хийцэд 4 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 20:33 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 20:48 цагт очиж, Налайх дүүргээс “Тэрэлж” амралтын газрын чиглэлд Налайх дүүргийн харьяат иргэн Д-ийн жолоодож явсан “Тоёота Аксио” загварын суудлын автомашин /А /18 настай, эрэгтэй/, Г /19 настай, эрэгтэй/, Э /19 настай, эрэгтэй//-ыг “Тэрэлж” амралтын газраас Налайх дүүргийн чиглэлд Налайх дүүргийн харьяат иргэн Х /44 настай, эрэгтэй/-н жолоодож явсан “Верна Аксент” загварын суудлын автомашин М /39 настай, эмэгтэй/, З /76 настай, эмэгтэй/, К /18 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /3 настай, эрэгтэй// мөргөж, иргэн Х, З, М, К нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан 20 минут ажиллан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байууллагад хүлээлгэн өгсөн.         

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top