Н.Болормаа: Магтаал бол итгэл даах чадвар, урам юм

GJ1A0919.jpg

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын бичиг хэрэг, нууцын эрхлэгч, ахмад Н.Болормааг урилаа.  Тэрээр Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй алба хаагчдын нэг төдийгүй амьдралынхаа 15 жилийн холбосон. Энэ хугацаанд  буюу 2005-2009 онд бичиг хэргийн эрхлэгч, 2009-2015 онд дуудлага хүлээн авагч, 2015 оноос өнөөг хүртэл бичиг хэрэг, нууцын эрхлэгчээр ажиллаж байна.

Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

 -Их унтах уруудахын шинж гэсэн аавын сургаал бий. Тийм болохоор өглөөг 06:00 цагт эхлүүлдэг. Өглөөний цайгаа ууж, тарьсан цэцгээ услаад л ажилдаа гарна. Өглөө бүр нар мандах зүгт гарч ажилдаа ирдэг дээ билэгшээдэг шүү.

Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

  -Сонирхдог зүйл их бий. Хүүхэд байхдаа хөгжим сонирхож, тоглож сурахыг  хүсдэг байлаа. Хөгжим их гоё. Ээж минь гитар, мандолин, аав маань ятга хөгжим авч өгсөн ч даанч сураагүй. /Инээв/. Ятга нь одоо хүртэл хуучирчихсан надад байдаг юм. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт амарч, аялахыг хүсдэг дээ.

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

  Эх орныхоо төлөө тангараг өргөсөн албатай. Элэг бүтэн сайхан амьдралтай гээд хүний амьдралын бүхий л зам мөрөөр алхаж байна. Амьдралыг өөдрөг сайхнаар төсөөлж, сэтгэлийн сэвгүй, уйдах завгүй амьдрах л сайхан гэж боддог. Энэ зарчмаараа л амьдарч байгаа.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

            Хүний мөрөөдөл хязгааргүй гэдэг ч би нэг их том зүйл мөрөөдөөд байдаггүй юм байна. Амьдрал баян, амьд явах сайхан шүү дээ. Хүссэн зүйл маань биелээд л байдаг. Бодоод байхад хүний бүр багийн мөрөөдөл биелдэг юм шиг байгаа юм. Цэргийн хүн болох мөрөөдлөө цэргийн сургуульд эмэгтэй хүн авахгүй гэдэг шалтгаанаар биелүүлж чадаагүй ч Онцгойгоор овоглосон цэргийн эмэгтэй болсон. Азтай ч гэх юм уу. Харин одоо бол эрүүл байж, эзэмшсэн мэргэжил, албандаа эзэн болж, үр хүүхдийнхээ сайн сайхан явахыг харах л жаргал байна.

 –Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

   Боломж гэхээс илүү миний хийх ёстой ажил, хариуцлага гэж  хүлээж авдаг. Ямар ч ажилд дурлаж, сэтгэлээ гаргаж, хандлагаа зөв байлгаж ажиллах л хамгийн чухал санагддаг.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

  Хатуу үг хайрын мөн чанартай, нялуун үг давахын мөн чанартай гэсэн үг байдаг даа. Миний хувьд магтаал, шүүмжлэлийн аль аль нь байдаг. Гэхдээ  магтаал нь илүү юм уу даа. Хамт олныхоо магтаалд л  жаргаж, эрч хүч авч байдаг. Магтаал бол итгэл даах чадвар, урам юм. Шүүмжлэлийг сонсож, хүлээж авалгүй яахав. Өөрөөсөө алдааг хайж, өөртөө л дүгнэлт хийдэг.

Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

  Аз жаргал яг дэргэд, бас сэтгэлд оршдог. Аз жаргалтай амьдрал гэж байхгүй, зөвхөн аз жаргалтай өдрүүд л  гэж бий гэдэг шиг өдөр бүр надаас л шалтгаалах юм байна гэж ойлгож, түүнийгээ бүтээхийг хүсдэг дээ.

-Таны бахархал?

  Гэр бүл, хань, үр хүүхэд, ач, зээ болон Онцгой байдлын алба бол миний бахархал. Энэ албандаа ажиллаж, амьдарч байгаа минь л хүн болж төрсний утга учир юм даа. Дашрамд Онцгой байдлын байгууллагын удирдлага, хамт олон, авралын гэгээ цацруулсан аврагч нартаа талархал илэрхийлмээр байна.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top