Завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

1-1-93-6vjw378cgbwnhgpnslx3kzuii9om7qaf0cehgdglutc.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор долоон маршрутаар завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал Баянзүрх дүүргийн  Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар НОБГ, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж,  автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 6233 иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргасан.

Түүнчлэн нийслэлийн Аврах анги 105-ийн алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Адам Евагийн Хөшөөний баруун талд Загас үржүүлгийн орчимд хоёр иргэн живж байсныг шуурхай ажиллан амь насыг авран хамгаалсан.

            Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол, усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж, автомашинаар гол гатлахгүй байх, аюулгүйн гарц, самбар,тэмдэг тэмдэглэгээтэй газарт усанд орохгүй байж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top