Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймгийн нутгаар цас, Булган, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь,зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар  бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 градус, говийн бүс нутгийн зүүн  хэсгээр 30-35 градус,  говийн бүс нутгийн  хойд хэсгээр 24-29 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянгол хэсгийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 09:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 09:50 цагт очиж, иргэн Г-ын 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3/А хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:40 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд хогшил хамт бүрэн шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн 10 дугаар гудамжинд иргэн М-ын жолоодож явсан “Донг фэнг EQ1258” загварын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 16:57 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Хужиртын даваа” гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 21 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 19:47 цагт очиж, иргэн С-ийн эзэмшлийн “Эстима” загварын суудлын автомашин шатсан байсныг 17 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гал түймрийн талаар: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл)Ренчинжугнай багийн “Хярын-Өтөг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 22 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 210 км-т/ тус сумын харьяат малчин О-ийн 10х30 метрийн хэмжээтэй 4 өвөлжөө 06.22-ны 08:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт хүлээн  авсан. Орон нутгийн 7 хүн, 1 автомашин, 5 мотоциклтой ажиллаж 11:10 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч Н.Ганжуур аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

4. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Илчлэгийн гол” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, Ө-49°3’45.94”, У-107°30’7.13”/ www.fires.ru сайтад 06.19-ний өдрийн 10:30 цагт ойн түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Нэгдсэн эмнэлгийн эмч, “Хандгай нуруу” ХХК, Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын ажилтнууд ажиллаж байна.  Түймрийн голомтод 06.21-ний өдрийн 07:00-21:00 цаг, 06.22-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 50 га талбай шатсан./

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй алга болсон: Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг /сумын төвөөс урд зүгт 50 км-т/ тус сумын харьяат малчин Э/18 настай, эрэгтэй/ 06.21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Банзарын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60-км-т/ Тус сумын харьяат малчин Б-ын 5 ханатай гэр, “УАЗ-452” загварын автомашин, “Портер” загварын ачааны автомашин 06.21-ний өдөр үерийн усанд автсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 08:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 09:37 цагт очиж, 2 цаг ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

6.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн  “Нуурын бураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ 06.21-ний өдрөөс 06.22-ны шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас 6 айлын 20 тэмээ, 5 айлын 70 орчим бог мал осгож хорогдож, мөн 35 тэмээ “Завхан” голын сав газарт шаварт шигдсэн тухай мэдээллийг 06.22-ны өдрийн 19:20 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Тамир аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус сумын Шар булаг багийн Засаг дарга Б.Эрдэнэтогтохоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, 2 автомашинтай тухайн газар очиж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top