Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7 сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд ихэнх нутгаар, 03-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 30-нд говийн бүс нутгаар хална.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн 65 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:40 цагт очиж, иргэн Т-ын 2 тонн боодлын өвс шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:26 цагт очиж, иргэн С-ийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дантийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 21:28 цагт түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан.    

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 87 км-т/ Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Фит” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хово” загварын ачааны автомашины араас мөргөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Г.Ганхөлөгөөр ахлуулсан алба хаагчид 87 км 06:30 цагт очиж, Өмнөговь аймгийн харьяат Э /50, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, Цагдаагийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайгаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:   

Үер – Усны үер: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2,3,4,5 дугаар багт тус суманд 06.24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас 06.25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 06.28-ны өдрийн байдлаар үерийн усанд автсан 1971 өрх айл, 13 нийтийн орон сууц, төрийн болон хувийн хэвшлийн 88 барилгын зоорийн давхарт хуралдсан усыг соруулж аюулгүй болгосон. Цахилгаан тасарсан 8 нийтийн орон сууц, 6 аж ахуйн нэгжийн цахилгаан, эрчим хүчийг хэвийн ажиллагаанд оруулсан. Сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд)-ийг түр байрлуулаад байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн 7 хэсэгт автозамын байгууламж гэмтсэнийг сэргээн засварлах, 65 өрх, 74 аж ахуйн нэгж байгууллага, нийтийн эзэмшлийн гудамжинд нийт 49440 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:    

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С/5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хярхан голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. 06.24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хярхан голын эргээс олсон. 06.28-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд тус сумын Зуны гарам гэдэг газраас зүүн урд зүгт  Доод гарам гэдэг газар хүртэл “Хярхан” голын дагуу 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:35 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ Тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн Г32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н/20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар_ Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус багийн Жаргалант гэдэг газраас зүүн тийш Майханы-Ар гэдэг газар хүртэл “Хэрлэн” голоор 24 км-т усаар болон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 06.28-ны өдөр тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 19:43 цагт очсон. 06.29-ний өдрийн 04:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээр гарч ирснийг олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн. Иргэн С. /20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:30 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top