Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.  

Улаанбаатархотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал:  3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 4-нөөс нутгийн өмнөдхэсгээр хална.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд модны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 21:26 цагт очиж, “Эм Си Лог” ХХК-ийн 20х100 метрийн хэмжээтэй 6 метрийн өндөртэй сендвичэн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж болон овоолготой үртэс шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан. Нэмэлтээр автомеханик шатны автомашин 9 км замыг туулан 21:45 цагт очиж, 1 цаг 30 минут, хөөсний 10 тоннын автомашин 9 км замыг туулан 21:55 цагт очиж 1 цаг 30 минут, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид  8.5 км замыг туулан 21:25 цагт очиж 2 цаг 10 минут, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:50 цагт очиж 40 минут, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 21:45 цагт очиж 2 цаг тус тус ажилласан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 22:12 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:19 цагт очиж, иргэн Б-ийн 2х2 метрийн  хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Нүхтийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ www.fires.ru сайтад ойн түймрийн цэг 06.30-ны өдрийн 15:02 цагт илэрсэн.  Орон нутгийн иргэд17:30 цагт цурамд оруулж, 07.01-ний өдрийн 15:00 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 1 орчим га талбай шатсан./

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Баянголын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 23:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод бага зэргийн бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 1 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэдэг газар /хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Б-ийн туслах малчин нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л /30 настай, эрэгтэй/ 06.25-ны өдөр малдаа мориор яваад сураггүй болсон. /Унаж явсан морь нь “Орхон” голын ойролцоох айлын хотонд 06.25-ны өдрийн 20:00 цагийн орчим ирсэн./ Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.30-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.01-ний өдрийн 13:18 цагт тус аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Хөшөөт” гэдэг газраас эсэн мэнд /баруун хөл нь гэмтсэн байдалтай/ олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б/39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /”Хярхан” голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд 07.01-ний өдрийн байдлаар малчин Б-ыг эрэн хайх ажиллагааг Зуны гарам гэдэг газраас зүүн урд зүгт Хааны-Эрэг гэдэг газар хүртэл 50 км-т “Хярхан” голоор зохион байгуулж, 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.02-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ Тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн /үүнээс 4 хүүхэд/ аялж явснаас иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н/20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж, 06.29-ний өдрийн 16:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн-Үзүүр” гэдэг газар “Хэрлэн” голын салаанаас иргэн М-ын цогцсыг, 06.30-ны өдрийн 10:20 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-т “Жаргалангийн-Үзүүр” гэдэг газраас иргэн Н-ын цогцсыг, 07.01-ний өдрийн 15:26 цагт осолдсон газраас зүүн урд зүгт 8 км-т “Жаргалант толгой” гэдэг газраас “Хэрлэн” голын эрэг дээрээс иргэн Г-ын цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбаатарт тус тус шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Хайрхан голф”-ийн талбайн урд талд “Туул” голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 10:01 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг “Туул” голоос 10:11 цагт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Нямсүрэнд шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллагаас тухайн хүнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна./

5.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг дахь “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваарилах гэрээт 21 дүгээр талбай /сумын төвөөс баруун зүгт 150 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км-т/ “Минжин Хуа Ян” ХХК-ийн гал тогоо болон ажилчдын байрны зориулалттай 8х30 метрийн хэмжээтэй байшин 07.01-ний өдрийн 05:20 цагт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус байгууллагын ажилтнууд ажиллаж, 06:23 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 08:40 цагт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top