Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Дорноговь, Орхон, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9,10-нд говь, талын нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө халж 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их дарь эхийн 84 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 08:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 08:18 цагт очиж иргэн Н-ын 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 17:19 цагт очиж иргэн М-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Баян хөөврийн 3 дугаар гудамжинд 2 гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 00:08 цагт гарч 3 км замыг туулан 00:10 цагт очиж, иргэн Ц-ийн 5 ханатай гэр бүрэн, Г-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Монгол Улсын хилийн 708 дугаар тэмдэгт “Амжийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 36 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 129 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн 0243 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.06-ны өдрийн 06:09 цагт түймрийг цурманд оруулж мөн өдрийн 18:10 цагт бүрэн унтраасан.Түймэрт урьдчилсан байдлаар 0.5 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж түймрийг 07.06-ны өдрийн 18:30 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай өртөж шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Рашаантын дааган толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 225 км, сумын төвөөс хойд зүгт 100 км, Хилийн цэргийн 0286-р ангиас зүүн хойд зүгт 250 км/ Ойн түймэр гарсан дуудлагыг 07.06-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ш.Жавхлантаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн голомт руу хөдөлсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үер: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамж 07.03-ны өдрийн 18:17 цагаас 22:00 цаг хүртэл дуу цахилгаантай, усархаг бороо орсноор үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. 07.05-ны өдрийн байдлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Гансүхээр ахлуулсан иргэд ажиллаж, 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг сэргээн ажилласан.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний урт зуух” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 95 км/ 07.05-ны өдрийн 02:50 цагт 11-16 м/с хүчтэй салхи шуурга болсны улмаас иргэн Э-ийн 6 ханатай бүрэн тавилгатай гэр унасан тухай мэдээллийг 07.06-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын дарга З.Зоригоогоор ахлуулсан алба хаагчид хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top