Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Булган аймгийн Булган сумын Булган багийн “Зуслангийн газар” /аймгийн төвөөс баруун зүгт 16 км/ иргэн Ц-ийн 4х6 хэмжээтэй зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 08:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 08:19 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн урд талын зам иргэн А-ийн “Ниссан Санни” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ний өдрийн 20:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 20:48 цагт очиж 2 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бумбатын 3Б дугаар гудамжинд иргэн Л-ын 6мx5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 21:36 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үер: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрхэл” багийн 11 дүгээр гудамжний 1-8 тоот, Нисэх багийн 15 гудамжинд 07.12-ны өдрийн 20:00 цагаас 20:36 цаг хооронд дуу цахилгаантай усархаг бороо орсны улмаас үерийн далан сэтэрч 11 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид даланг засах, айлуудын хашаанд орсон усыг соруулах, суваг шуудуу сэргээх ажиллагааг зохион байгуулан ажилласан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Толбо нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 45 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ иргэн А /22 настай, эрэгтэй/ 07.12-ны өдрийн 18:38 цагийн үед ууланд авирахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 00:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.13-ны өдрийн 01:17 цагт “Сунхар” амралтын газраас баруун хойш 1 км газраас эсэн мэнд олсон.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 4 дүгээр баг Ялалтын 13 дугаар гудамжинд нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 07.12-ны 17:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:46 цагт очиж 15 минут ажиллаж иргэн Д /62 настай, эмэгтэй/-г 4.50 м гүнтэй нүхнээс эсэн мэнд гарган ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 205 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км/ Тус аймгийн Тэшиг сумаас Орхон аймгийн чиглэлд гэр бүлийн хамт /4 хүн, 2 хуүхэд/ зорчиж явахдаа “Айрхан нуур”-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ ороод гарч ирээгүй тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 00:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг явуулж иргэн Б-ийг Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар малчин Ч-ийнхээс эсэн мэнд олж сум дундын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн ахмад Д.Бямбадоржид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг Буйр нуурын эрэг “Дэлгэр” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ иргэн М /26 настай, эрэгтэй/, хүү Г/2 настай, эрэгтэй/ хамт 1 завьтайгаар салхинд уруудан нуурын эргээс зүүн тийш хөвж нуурын гүн рүү явсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус сумын Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэдийг нуурнаас эсэн мэнд гаргасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ Иргэн Б /49 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Ч /52 настай, эрэгтэй/, С /45 настай, эрэгтэй/ хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:45 цагт түр зогсоож, 07:13-ны өдрийн 07:40 цагт дахин эхлүүлсэн.

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн “Хар тэрмис” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/ Иргэн О /15 настай, эрэгтэй/ хийлдэг завьтай усны мандал дээгүүр хөвж эргээс холдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 18:00 цагт Усны сургалт, хяналт дадлагын баазад хүлээн авсан. /аймгийн Онцгой байдлын газарт 21:38 цагт мэдээлэл өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж нуурын эргээс 300 м зайд хөвж байсныг 18:30 цагт эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн “Цэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс баруун зүгт 10 км/ Малчин Г-ийн 5 ханатай гэр 07.12-ны өдрийн 05:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 23:09 цагт хүлээн авсан. Тус сумын Тамгын газрын дарга Д.Цэгмидбаатараар ахлуулсан ажилтнууд малчин Г-ийнд 06:00 цагт очиход 5 ханатай гэр нь бүрэн шатсан байсан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн Үйлдвэрийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын Хондо сивик загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 13:13 цагт хүлээн авсан. Гал гарсан тухай мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлээгүй. Иргэн Г-ын автомашин бүрэн шатсан.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж баг “Хамар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ Иргэн Т-ын 6×7 метрийн хэмжээтэй байшин 07.12-ны өдрийн 19:00 цагийн үед шатсан мэдээллийг 22:53 цагт хүлээн авсан. Иргэн Т-ын өвлийн байшин бүрэн шатсан. Орон нутгаас хүн, хүч ажиллаагүй. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top