1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15, 16, 17-нд зарим газраар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны Цулхар хэсэгт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хашаанд 12х40 метрийн хэмжээтэй хуучнаар цэргийн байрны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:04 цагт очиж 2 цаг 55 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Овоот”-ын 3 дугаар гудамжинд иргэн Э-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х6 метрийн хэмжээтэй граж, Мазда загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 21:09 цагт хүрэлцэн очиж 55 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д зорчигч тээврийн нэгтгэлийн “Даэвоо” загварын автобус “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км зам туулан 10:12 цагт очиж иргэн Э /22 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн.
4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт тус сумын нутгаар 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж айлын гэр, байшингийн усыг соруулж зайлуулсан. Эвдрэл үүссэн авто зам замын байгууламжийг 07.14-ний өдөр сэргээн босгоно.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн “Задгай”-д Иргэн Б /12 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.13-ны өдрийн 19:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас эхлэн зохион байгуулж 07:30 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/Улаанбаатар хотын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Ч /52 настай, эрэгтэй/, С /45 настай, эрэгтэй/ хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчидд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 19:05 цагт нуурын эргээс 16 км Монгол Улсын хилээс 7 км-ээс эсэн мэнд олсон.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 215 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 3 хүн аялаж явснаас тус багийн харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.13-ны өдрийн 21:58 цагт явсан. 07.14-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Том гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ Туул голд живсэн байж болзошгүй /тухайн иргэн нь 07.09-ний өдөр гэрээсээ гараад сураггүй байсан бөгөөд 07.13-ны өдөр автомашин, хувцас нь Туул голын эрэг дээр байсан/ тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 07:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 12:51 цагт тус багийн “Гүүрний-Ам” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Элбэгманлайд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Үерийн ус зайлуулах далангийн усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:25 цагт очиж 50 орчим настай, эрэгтэй /нэр, хаяг тодорхойгүй/ хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагаадгийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Баруун байдлагын-Адаг” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 19 км-т/ Хэрлэн голд 1 хүн урссан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 12:36 цагт очиж Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн Ж /49 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд татан гаргасан.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Урд чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ Орхон аймгийн төвөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Санни-15” загварын суудлын автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 50 км зам туулан 20:40 цагт очиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн харьяат иргэн С /29 настай, эрэгтэй/ ухаан алдсан байсан тул аймгийн Нэгдэсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Хадан хясаа” гэдэг газар Туул голын салаанд 4 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:34 цагт очиж Хан-Уул дүүргийн харьяат иргэн С /20 настай эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/, П /18 настай эрэгтэй/, Б/18 настай эрэгтэй/ нарыг завиар гол гаргаж өгсөн.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс урд зүгт 12 км-т/ Тус багийн нутгаар 07.13-ны өдрийн 16:00-16:56 цагт усархаг аадар бороо орсны улмаас сумын төвөөс Чацран багийн чиглэлд мотоциклоор зорчиж явсан 5 хүн /үүнээс 2 хүүхэд/ үерт өртөж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б/55 настай, эрэгтэй/ нас барсан, мөн тус сумын харьяат иргэн Я /38 настай, эмэгтэй/-ыг үерийн уснаас эсэн мэнд татан гаргасан биеийн байдал хүнд сумын хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Оюунчимэг мөн өдрийн 21:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР