1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 63 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 13:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:01 цагт очиж иргэн Ч-ийн 4 ханатай гэр, 6 метр хашаа, иргэн Б-ын 5 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 3 дугаар гудамжинд барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:02 цагт очиж хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан 7х18 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн “Булгын эх” хэсгийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ийн малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:54 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан тэгчилэн хийд “Идга цингилан” хийд шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:59 цагт очиж Гандан тэгчилэн хийдийн хашаанд “Идга цингилан” хийдийн 24х32 метрийн хэмжээтэй 2 давхар барилгын 2 дугаар давхрын дотор талын хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол:
Бусад үйлдвэрлэлийн осол: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 177 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ тус сумын цахилгаан дамжуулах утас тасарсан бөгөөд “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн инженер Б-ээс цахилгаан дамжуулах утсыг засварлахад “Ховд” голыг гатлах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг 07.18-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 177 км замыг туулан 07.18-ны өдрийн 07:00 цагт очиж “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 6 ажилчдыг Ховд голоор зөөвөрлөж гаргасан.
4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян багийн “Бөхтөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/ 07.16-ны өдрийн 18:00 цагаас 19:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр орсоны улмаас малчин Э-ийн 300 бог мал үхсэн тухай мэдээллийг 07.18-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч, Д.Гантөмөрт 07.18-ны өдрийн 13:15 цагт мэдэгдэж сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх үүрэг чиглэлийг аймгийн Онцгой байдлын газраас өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Цоорхойн говь” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км/ Иргэн Э /55 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 07.18-ны өдрийн 20:00 цагийн орчимд явганаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 23:55 цагаас эрэн хайх ажиллагааг “Цагаан хошуу”, “Хар хошуу” гэдэг газруудаар зохион байгуулж 07.19-ний өдрийн 03:20 цагт гэрээс нь урд зүгт 7 км-т “Цоорхойн говь” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.17-ны өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар 193 км-т завьтай урсаж, 60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгон-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.18-ны өдрийн 06:30 цагаас “Гонгойн олом” гэдэг газраас “Хилэнтийн гүүр” гэдэг газар хүртэл 25 км-т завьтай урсаж, 1-2 метрийн гүнд 20 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.17-ны өдрийн 22:23 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дивизийн гарамын дэргэд Хэрлэн голд хүн живсэн байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:05 цагт очиж гармаас зүүн зүгт 500 метрт иргэн Т (25 настай, эрэгтэй)-ын цогцсыг голоос гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багийн “Хар ус нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс хойд зүгт 5 км/ Иргэн Н /19 настай, эрэгтэй/ нуурын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчи 115 км замыг туулан очиж нуурын эргээс 500 метр зайтай арлын баруун урд зүгээс 65 метр хэсэгт 7 метр гүнээс цогцсыг олж гарган Өлгий сумын ЗДТГ-ын дарга болон сумын хэсгийн төлөөлөгч нарт шилжүүлэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Таван шар”-ын 10 тоот 16 айлын нийтийн орон сууц усанд автсан дуудлагыг 07.18-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ХХК-ийн ажилтнууд усыг соруулж гарган ажилласан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр баг аймгийн Цагдаагийн газрын архивын өрөө борооны усанд автсан дуудлагыг 07.18-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид усыг соруулж гарган ажилласан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3, 4, 10 дугаар багийн айлууд борооны усанд автлаа гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан очиж 10 дугаар баг 101 байрны 36 айлын орон сууцны зоорийн давхар, 10 дугаар баг Цаг уурын 3 дугаар гудамжны 8 тоот, 4 дүгээр баг Зангиатын 6 дугаар гудамжны 8 тоотод айлууд усанд автсаныг усыг соруулж гарган ажилласан.
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Гүнгийн таван салааны гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун урд зүгт 74 км/ аймгийн түргэн тусламжийн машин Түргэний их голын усанд боогдсон тухай мэдээллийг 07.18-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:30 цагт очиж 25 минут ажиллаж зөөвөрлөн татаж гаргасан.
6.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дархан-Уул аймгийн Орхон сумын Тосгон багийн 7 дугаар гудамжинд/аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км/ байшин шатсан тухай мэдээллийг 07.18-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Орхон сумын Тосгон багийн 7 дугаар гудамжинд О-ийн 18х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг сумын мэргэжлийн анги, орон нутгийн 28 хүн, 1 автомашинтай 20 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР