1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өдөртөө 29-31 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 25-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим бороо газраар орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Платюм” караоке баар /цоожтой/-ны гадна өнгөлгөөний хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 7.20-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:31 цагт очиж, 10 минут ажиллан унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цайзын 44 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 7.20-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:23 цагт очиж, иргэн Н-ийн 4×4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 38 км-т/ Малчин Э-ийн өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 38 км замыг туулан 12:01 цагт очиж, өвөлжөөний бууц шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Соёмбын 4 дүгээр гудамжинд амбаар, чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:00 цагт очиж, иргэн Н-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 10х3 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:14 цагт очиж, иргэн Г-ын “Соната 5” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 96 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 450 км-т, /Ө-43°35’24”, У-99°57’36″// 07.20-ны өдрийн 10:28 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:09 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад тус сумын Урт багийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус аймгийн Цэнгэл сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл, тохом нь ус болсон/ тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Хилийн 0165 дугаар ангийн 0251 дүгээр салбарын “Арал толгой” заставын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.20-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж 50 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгойн-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар ар гэрийнхэн 07.20-ны өдрийн 08:50 цагаас “Гонгойн-Олом” гэдэг газраас “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 50 км-т завиар явж, 1-2 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.20-ны өдрийн 20:52 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
5.Мэдээлэл:
Бусад төрлийн мэдээлэл: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 139 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 467 км-т/ Ханбогд хурд транс” ХХК-ийн “Тоёота Сиксиид” загварын суудлын автомашин 07.20-ны өдрийн 13:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 4 км замыг туулан 13:25 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР