Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудаар бороо орсон. Бусад аймгуудаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 31-33 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам 2 дугаар хэсгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 15:35 цагт очиж иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:56 цагт очиж иргэн П-ын 4х16 метрийн хэмжээтэй байшин, З-ийн 5 ханатай гэр, Тоёота Эстима загварын автомашин, Э-ын 4х7 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, О-ын 2х4 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг баг 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:38 цагт очиж иргэн Б-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 52 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:07 цагт очиж иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежын дэргэд машин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:08 цагт очиж автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын БМВ 320а загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 2 дугаар багийн Дэнжийн 0 гудамжинд айл шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:03 цагт очиж иргэн Т-ийн 5×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хавчигийн ам’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 155 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км/ Ховд аймгийн Алтай сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-н “Норд бенз” загварын автомашин замын хажуу руу унаж жолооч нь төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 20:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг 21:10 цагт очиж жолооч Н /23 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч С.Сайнбаярт шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Түүвэртийн голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 8.5 км/ Түргэн сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн А/55 настай, эмэгтэй/-ийн “Тоёота Виш” загварын автомашин замын хажуу руу орсон тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 8.5 км замыг 22:01 цагт очиж автомашиныг 42 минут ажиллан татан гаргаж иргэн Г /54 настай, эрэгтэй/, Н /81 настай, эмэгтэй/ нарыг автомашинаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын авто замын байцаагч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт шилжүүлэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус аймгийн Цэнгэл сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл, тохом нь ус болсон/ тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.21-ний өдрийн 06:00 цагаас Хоромдохын голын гүүрнээс Хоромдохын голын цутгал хүртэл 15 км-т газрыг завиар, 3 удаа шумбалт хийж, автомашинаар 25 км-т газраар, ар гэрийн 17 хүн арал дээр самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:00 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.21-ний өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж 50 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгойн-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,, ар гэрийнхэн 07.21-ний өдрийн 08:10 цагаас “Гонгойн-Олом” гэдэг газраас “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл усаар 70 км-т завиар явж, газраар 60 км-т, 1-2 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:55 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багийн “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 136 км, сумын төвөөс урд зүгт 5 км/ Иргэн Г /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нууранд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 06:46 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мотоцикл олдсон газраас урагш 60 метр зайд нуурын усан дотроос цогцсыг олж гарган сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн. /07.20-ны өдрийн 20:00 цагт “Баян нуур”-ын зүүн талд нуурын эргээс унаж явсан “Мустанг-5” загварын мотоцикл /улсын дугааргүй/, өмсөж явсан хувцас, гутлыг олсон./
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн “Элбэх дугуй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 77 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км/ Малчин Б-ийн 4 ханатай гэр 07.21-ний өдрийн 16:30 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 07.21-ний өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаагийн газрын алба хаагчид очиж ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР