Б.Баттулга: Завьт эргүүл наадмын өдрүүдээр 20 хүний амь насыг аварсан

15953326675f16d83b33a0b.jpg

Т.Эрдэнэчимэг

Урин дулааны цаг эхэлж иргэдийн амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын эрэг дагуу амарч, зугаалах иргэдийн тоо олширсоор  байна. Иргэд амарч зугаалахдаа  өөрсдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүйн улмаас осолдох тохиолдол их гарч байна.  Нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ойролцоо амарч, зугаалж  байгаа иргэдийн амь насыг Нийслэлийн онцгой байдлын албаныхан болон цагдаагийн албан хаагчид хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэн ажиллаж  байгаа талаар Нийслэлийн аврах 105-ийн  бүлгийн дарга,  аврах ангийн зааварлагч, ахмад Б.Баттулгаас тодрууллаа.

– Завьт эргүүлийн аврах, сэрэмжлүүлэх бүлгийн алба хаагчид хэзээнээс голын дагуу эргүүл хийх үүрэгт ажилдаа орсон бэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  захирамжийн дагуу зургадугаар сарын 10-аас есдүгээр сарын 10 хүртэл Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран завьт эргүүлийн үүрэгт ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Завьт эргүүлийг Нийслэлийн аврах 105-ийн албан хаагчид хоёр бүлэгт хуваагдан хийж байгаа. Нэг бүлэгт нь зургаан албан хаагч,  нэг автомашин техниктэй ажилладаг. Манай нэг бүлгийн албан хаагчид  24 цагийн үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө бүлэг нь өглөөний 08:00-21:00 цаг хүртэл ажилладаг. Одоогоор завьт эргүүлийн үйл ажиллагаа хэсэгчилсэн байдалтай явагдаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Зайсан хүртэл.  Зайсангаас Сонсголонгын  гүүр хүртэл маршрутаар  завьт эргүүлийг зохион байгуулж байна. Баяр наадмын өдрүүдээр дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчидтай хамтран ажилласан.

-Баяр наадмын өдрүүдээр таны ахалж ажилласан бүлэгт хэчнээн дуудлага ирсэн бэ. Дуудлагын дагуу хэдэн хүний амь насыг аварсан бэ?

-Манай бүлэг наадмын өдрүүдээр үүрэг гүйцэтгэх хугацааанд найман удаагийн усны дуудлагаар ажилласан.  Дуудлагын дагуу цаг алдалгүй хурдан шуурхай очиж аврах ажиллагааг зохион байгуулж  20 хүний амь насыг аварч,  нэг тээврийн хэрэгслийг уснаас татан гаргаж, холбогдох иргэн болон цагдаагийн байгууллагат хүлээлгэн, мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан.

-Нийслэлийн хэмжээнд завьт эргүүлийн багт хэчнээн алба хаагч ажилладаг вэ?

-Нийслэлийн аврах анги 105-аас 12 албан хаагч хоёр автомашин техник ажилладаг. Мөн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид хамтран ажилладаг.  Ойролцоогоор долоо хоногт давхардсан тоогоор 214 алба хаагч гол дагуу аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

-Жил бүр завьт эргүүлийн албан хаагчид үүрэг гүйцэтгэхийн ач холбогдлыг юу гэж боддог вэ?

-Завьт эргүүлийн үйл ажиллагаа 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл явагдаж байна.  Завьт эргүүлийн ач холбогдол нь  ард, иргэдийг усны аюулаас урьдчилан  сэргийлэх болон усны дуудлага ирсэн үед цаг алдалгүй хурдан, шуурхай очиж аврах ажиллагаг зохион байгуулах юм. Баяр наадмын өдрүүдээр үргэлжилсэн бороо их орсон. Энэ өдрүүдэд иргэд гол уснаас болгоомжлох, баталгаатай зам, гарцаар зорчихыг анхааруулсаар байтал зарим хүмүүс  усны түвшин хэвийн байгаа  үед голын салаанд хонох тохиолдлууд их гарлаа. Мөн иргэд  усанд боогдож, баталгаатай зам, гарцаар гараагүйгээс болж тээврийн хэрэгсэлтэйгээ усанд живэх цаашлаад амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Баяр наадмын өдрүүдээр дээрх дуудлагууд их ирсэн. Амрагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэнтэйгээ маргалдах, сагсуурах зэргээр  голын усанд маш их ордог. Өнгөрсөн баярын  өдрүүдээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ  голын усанд орж осолдох эрсдэлтэй байсан хоёр иргэний амь насыг аварсан.

– Жил бүрийн зургадугаар сард эргүүлийн ажил эхэлдэг. Тэгвэл аврах бүлгийн ашигладаг техник хэрэгслийг шинэчлэх та бүхний аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

– Бидний ашигладаг уснаас аврах ажиллагааны багаж хэрэгсэл жил бүр шинэчлэгддэг. Техник хэрэгслийн хувьд хангалттай байдаг. Бид иргэдийг усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлд  оруулахгүйн тулд ажилладаг учраас өөрсдийнхөө аюулгүй байдлыг маш сайн хангаж,  сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Тиймээс аврах ангийн бүх албан хаагчид  аврах ажиллагааны дүрэм, журмыг мөрдөн ажилладаг.  

-Голын дагуу амрагчид  та бүхний хяналт шаардлагыг хэрхэн биелүүлдэг вэ. Амрагчид ихэвчлэн ямар үйлдэл дээр хайхрамжгүй ханддаг вэ?

-Амралт зугаалгын улирал эхэлсэн үед ард иргэд Туул гол орчимд  маш олноороо амарч  зугаалдаг. Алба хаагчид хүн бүрт  уснаас сэргийлэх зөвлөгөө өгч ажилладаг. Иргэд  бага насны хүүхдүүдэд хараа хяналт маш муу тавьдаг.  Сүүлийн үед  хүүхдүүд голын усанд  чанарын шаардлага хангаагүй хийлдэг гудас, тоглоом хэрэглэх болсон.  Тэдгээр зүйлс   ширүүн урсгал, модны мөчирч сүлбэгдэж хагарах аюултай. Мөн хүүхдүүд тоглож байсан бөмбөгнийхөө хойноос ус руу гүйж орсноос болж усанд осолдох эрсдэл өндөр байдаг. Үүнийг эцэг, эхчүүд хайхардаггүй.  Мөн иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж хөл алдаж осолдох аюултай байдаг.  Тиймээс бид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа ард иргэдэд бага насны хүүхдүүддээ анхаарал тавьж, согтууруулах ундааг зөв зохистой  хэрэглэхийг анхааруулдаг.  Энэ жил бид  Туул гол дагуух аюултай 10 цэгийг тодорхойлсон.  Тэдгээр газруудыг усанд осолдох магадлалтай хамгийн  аюултай бүс  гэж тодорхойлсон анхааруулах самбаруудыг байрлуулсан байгаа. Мөн нэг сайшаалтай мэдээг дуулгавал сүүлийн үед иргэд байгальд хог хаях нь багасаж, эх дэлхийгээ хайрлах ухамсарт үйлдлүүд нь нэмэгдэж байгаа. Бид ч мөн иргэдийг хог хаягдлаа хаяхгүй байх, заавал орчноо цэвэрлэж явахыг шаарддаг. Жишээлбэл, төрийн бус байгууллагууд сайн дураараа Туул гол дагуух хогийг цэвэрлэх ажлууд маш их хийж байгаа харагддаг. Өнөөдөр /2020.07.20 /гэхэд завьт эргүүлийн ажлаа гүйцэтгэж байхдаа  хоёр хүүхдээ дагуулсан эмэгтэй амарсан газрынхаа эргэн тойронд байгаа бүх хог хаягдлыг түүгээд аваад явахыг харлаа. Иргэдийн эдгээр үйлдлийг хараад  завьт эргүүлийн ажлын  үр дүн  гарч байгаа болов уу гэж боддог.

Эх сурвалж: zaluu.com

scroll to top