Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ.  Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутаг болон Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ.  Дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд говь, талын нутгаар 13-15 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 14:17 цагт очиж, эзэнгүй айлын 4×5 метрийн хэмжээтэй модон байшин, иргэн Очирбатын 7×10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Улаан Чулуутын хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 14:50 цагт очиж, Улаан Чулуут хогийн цэгт 300×300 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилтнууд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилтнууд, Ус сувгийн удирдах газрын ажилтнууд 6 цаг ажиллан галын тархалтыг зогсоож “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Д.Эрдэнэбаатарт хүлээлгэн өгсөн.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 27 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:54 цагт очиж, иргэн Б-ын 5 ханатай гэр, 26 метр хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Пүүл Виллаж” зоогийн газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 15:00 цагт очиж, тус зоогийн газрын агааржуулалтын хоолой шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

 Үер – Уруйн үер: Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн “Овооны-Эрүү” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км-т, сумын төвөөс урд зүгт 70 км-т/ 07.23-ны өдрийн 19:00 цагийн орчим хүчтэй аадар бороо орсны улмаас Л-ийн 6 ханатай 1 гэр, 5 ханатай 2 гэр, улсын дугаар тодорхойгүй “Пронтер” загварын ачааны автомашин, 50 бог мал үерийн усанд урссан тухай мэдээллийг 07.23-ны өдрийн 21:30 цагт цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Онолбаатраар ахлуулсан алба хаагчид очиж, 1 өрхийн 8 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, хорогдсон 50 бог малын сэг зэмийг булж, устгаж ажилласан.         

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 156 км-т завиар явж 60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.23-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.     

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгойн-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан тус аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Нүдэн булан” гэдэг газраас Тосонцэнгэл сумын Тээл багийн “Цацын булан” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай, 2 дугаар бүлэг “Гонгойн олом” гэдэг газраас “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:56 цагт “Гонгойн олом” гэдэг газраас зүүн зүгт  6 км-т “Цагаан-Эрэг” гэдэг газраас иргэн Г-ийн цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваацэрэнд шилжүүлж өгсөн. 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид,, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийнхан ар гэрийнхэн 07.23-ны өдрийн 06:00 цагаас “Хоромдох”-ын голын гүүрээс “Хотон нуур” хүртэл 10 км-т завиар явж 3-5 метрийн гүнд 5 удаа шумбалт хийсэн. Голын эргээр 1 км-т эрэлч нохойтой явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.24-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгын 9 давхрын салхивчны хонгилд хүн унаж нас барсан, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 21:09 цагт очиж, “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан Архангай аймгийн харьяат Д /18 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ууганбаяраар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

5.Мэдээлэл:

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Борлог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/07.23-ны өдрийн 17:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас малчин Б /38 настай, эмэгтэй/ мотоцикл асаах үед аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг 07.23-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:30 цагт очиж, малчин Б-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top