А.Минжинсор
Цар тахлын дэгдэлттэй өнөөгийн байдалд Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй байгаа хэдий ч сэрэмж алдах болоогүй байна. Мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд хандан амны хаалт зүүх болон гараа ариутгах нь халдвар авахаас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг цаг ямагт зөвлөсөөр байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 940 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг.
Халдвараас сэргийлж хөл хорио тогтоосон хэдий ч нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо багасаагүй. Тухайлбал, өдөрт дунджаар 300 мянган хүн нийтийн тээврээр зорчдог. Тиймээс халдвар тараах хамгийн эрсдэлтэй хэсэгт тооцогдож байгаа. Хүмүүс ихээр бөөгнөрсөн газар халдвар тархах магадлал өндөр байгаа хэдий ч манай орны нөхцөлд автобусанд зай барьж явах нь ихээхэн асуудалтай. Ийм нөхцөлд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүх зайлшгүй шаардлагатай.
УОК-оос удирдах шатны байгууллагуудад хандан халдваргүйжүүлэлт, ариутгалын үйл ажиллагааны тухай зааварчилсан. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд шинэ коронавируст халдвараас сэргийлэх зорилгоор үйлчилгээнд ажиллаж буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагатай хамтран, өөрсдөө тогтмол хийж, долоо хоногт хоёр удаа автобусны суудлын бүрээсийг угааж бактери устгах бодисоор ариутган, үйлчилгээний явцад спиртэн суурьтай шингэн болон жавелионы уусмалаар автобусны заал, бариулыг шүршиж халдваргүйжүүлэлт хийж байна. Үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нарын халууныг өдөрт хоёр удаа зайнаас хэмжих төхөөрөмжөөр хэмжиж бүртгэл хөтлөн, амны хаалт зүүлгэн, хувийн ариун цэвэр сахиулж, халдвараас сэргийлэх чиглэлд анхаарч байна. Мөн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслүүдэд өглөөний эх авалтаар болон шугам замд цэвэрлэгээ үйлчилгээнд тогтмол хяналт тавин ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Гэхдээ нийтийн тээвэрт гар ариутгалын бодисыг байршуулаад байсан ч өнөөдрийн байдлаар гар ариутгалын бодистой нэг ч автобустай таарсангүй. Нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчдын хоёр хүн тутмын нэг нь амны хаалтгүй үйлчлүүлж байна. Хоёр өөр компанийн хоёр өөр автобусанд сууж ажиглалт хийхэд эхлэлийн цэгээс эцсийн зогсоол хүртэл үйлчлүүлсэн иргэдийн 50 хувь нь амны хаалтгүй зорчиж байлаа. Иргэдээс амны хаалт зүүгээгүй шалтгааныг тодруулахад “Амьсгалахад хэцүү, халууны улиралд яаж масктай явах билээ. Амны хаалт зүүхгүй байсан ч үйлчилж байгаа учраас амны хаалтаа мартчихдаг болжээ” гэсэн нийтлэг хариултыг өгч байв.
Эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа зүүж, гараа ариутгахыг иргэдэд анхааруулна гэсэн зааварчилгыг нийтийн тээврийн үйлчилгээний ажилтнуудад өгсөн боловч үнэндээ энэ нь зүгээр л нэр төдий зүйл болжээ. Энэ тухай нийтийн тээврийн шугамд явж байгаа жолоочоос тодруулахад “Өглөө болгон бидний аюулгүй ажиллагааны нөхцөл байдлыг шалгаж байгаа, халуун үзэж амны хаалт зүүх гэх мэтээр. Үйлчлүүлж байгаа иргэд амны хаалтгүй зорчих нь элбэг болсон. Анх өвчин гараад, халдвар дэгдэж байхад иргэд хэлүүлэлтгүй бүгд амны хаалттай үйлчлүүлж байсан.
Одоо ч бүр дөжирчихсөн гэмээр шаардлага тавьсан ч үл тоох нь элбэг байна. Зорчигчдод амны хаалт зүүхийг шаардаад нэлээдгүй олон эсэргүүцэл, дургүйцлийг хүлээж авсан” гэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ААН, байгууллагуудыг амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байхыг анхааруулсан. Нэн ялангуяа, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийг амны хаалтаа зүүхийг шаардах, зүүгээгүй тохиолдолд үйлчлэхгүй байх хэрэгтэй байна. Автобусны картгүй иргэдийг буцаагаад буулгадаг шиг амны хаалтгүй иргэдэд ч мөн адил үйлчлэхээс татгалзах нь зүйтэй. Амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэгт тооцож 150 мянган төгрөгөөр торгох тухай мэдээлж байсан ч мөн л цаасан дээрх шийдвэр хэвээр үлдлээ. Ядаж амны хаалтгүй зорчигчийг автобусанд оруулахаа болъё.
Амны хаалт бол зөвхөн COVID-19 төдийгүй бусад бүх төрлийн амьсгалын замаар халдварлах өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай энгийн арга юм. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн та амны хаалтаа тогтмол зүүж, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин