Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу 08.02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 08.05-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 20:00 цагт түр зогсоогоод байна.

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.04-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус сумын 30 иргэн, 1 автомашин, 15 мотоциклтой 08.05, 06-ны өдрүүдэд “Ганга нуурын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:50 цагт түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай 08.07-ны өдрийн 07:00 цагт Рэнчинлхүмбэ сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг явуулахаар явсан.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Мөн наймдугаар сарын 5, 6-ны эрэн хайх ажиллагаа үргэлжүүлж,  08.06-ны 21:00 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажиллагааг түр зогсоосон. 08.07-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн иргэн А/40 настай эрэгтэй/ үхэр туун, морьтой Онон гол гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Орон нутгийн 20 иргэн 4 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Дорнод аймаг, Хэрлэн сум. 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.06-ны өдрийн 15:35 цагаас эхлэн 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс 5 дугаар багийн “Ялалтын гүүр” хүртэл 8 км-т эрэх хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 08.07-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

4.Мэдээлэл:

Завхан аймаг, Дөрвөлжин сум. Таван толгой багийн “Сар хайрхан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 165 км-т/ 08.05-ны өдрийн 16:00 цагт малчин Г-гийн 22 хонь, Д-гийн 46 ямаа аянганд цохиулж хорогдсон. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас 08.06-ны өдрийн 12:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Дундговь аймаг, Дэрэн сум. Саруул багийн “Саруул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 08.06-ны өдрийн 08:10 цагт мотоциклоор мал хариулж явсан иргэн Э /41 настай, эрэгтэй/ аянганд цохиулж нас барсан, иргэн Б /38 настай, эмэгтэй/ биеийн байдал нь хүнд сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мэдээллийг тус сумын Засаг дарга М Онцгой байдлын газарт мөн өдрийн 12:10 цагт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top