Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын  нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын  нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 12, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороо, Морингийн давааны 22 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 15:35 цагт /16:48 цагт/ хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:40 цагт очиж эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймаг. Хужирт сум. 2 дугаар баг /аймгийн төвөөс хойд зүгт 62 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ “Хуруу хонд” гэдэг газар малчин Б-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус суман дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18 км замыг туулан 13:15 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг явуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоосон.

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.04-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, иргэн Д-ийн гэрийн баруун талд 150-180 метрт байрлах 4 жижиг нууранд 4 удаагийн шумбалт хийж, баруун хойд зүгт 200 метрт байрлах Шишгэд голын эргээр явган, голоор 6-9 км-т завиар урсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:45 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн..

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.08-ны өдрийн 09:40 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж Баянзүрхийн гүүрнээс “Зайсан”-ийн гүүр, “Сонсголон”-ийн гүүр хүртэл 92 км-т завьтай урсаж, 15 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд,  ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, Биндэр сумын Дэлгэрхаан багийн “Байдасын гарам” гэдэг газраас зүүн зүгт “Хурхын боом” гэдэг газар хүртэл “Онон” гол дагуу 24 км-т 2 завьтай самналт хийж, 2-3 метрийн гүнд 7 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.09-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар баг “Улаан эрэг”гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын дагуу 30 км зайд 2 завьтай самналт хийж, 2 метрийн гүнд 2 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top