Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ.
Энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цасны зузаан 7-12 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см байна.
Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй. Үүнээс Увс аймаг бүхэлдээ, Булганы ихэнх, Архангайн хойд, Төв аймгийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг хамгийн их эрсдэлтэй, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна.
Эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнг хэлэлцээд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ
Хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүн, Засгийн газрын тогтоолын биелэлтийн талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.
Отроор өвөлжих өрхийн тоо 2,2 мянга, малын тоо 1,5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах,
Авто замын засвар, арчлалтын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэх,
Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс үүдэн үүссэн зардлын зөрүү, түлш, халаалтын өрийг зохицуулж, шийдвэрлэх,
Булган аймгийн төвийн дулааны халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх,
Увс аймгийн төв, Өвөрхангайн Бүрд, Гучин-Ус, Хужирт суманд аваарийн дизель станцын техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авах,
Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.