Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 12, 13-нд говь, талын нутгаар 16-18 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр

Ой, хээрийн түймэр: Увс аймаг, Малчин сум. Баян-Мандал багийн “Чацаргана” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/08.10-ны өдрийн 18:00 цагийн орчим дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 08.11-ний өдрийн 02:43 цагт очиж, түймрийг мөн өдрийн 08:30 цагт бүрэн унтрааж, тус сумын ойн байцаагчид хүлээлгэн өгсөн.

3. Тэсэрч дэлбэрэх материалын осол:

  Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, Саруул хотхоны 113 дугаар байрны 10 дугаар давхрын 91 тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй, нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн/ биеийн 80 хувь түлэгдэлтэй/ байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг явуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоосон байсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтэс,  Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчмд, ар гэрийнхний хамт 08.10-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Тэрэлж”-ийн даваанаас “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-ийн баруун, зүүн хэсгээр 40 км-т явган болон автомашинтай, “Туул” голоор 70 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.04-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд 08.10-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Шишгид” голоор 6 км-т завиар урсаж, “Гангат” нуур, “Бургаст” нуур, “Цагаан морьт” нууруудад 6 метрийн гүнд 12 удаа шумбаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.10-ны өдрийн 10:50 цагаас эхлэн Налайх дүүргийн “Улаанбаатар-2” амралтын газраас “Цагаан давааны-Өвөр, “Тэрэлжийн модон гүүр”, “Хар-Усан тохой”, “Баянзүрх”-ийн гүүр, “Зайсан”-ийн гүүр, “Сонсголон”-ийн гүүр хүртэл 98 км-т завьтай урсаж, 2-2.5 метрийн гүнд 42 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 254 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 08.10-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 1 дүгээр бүлэг Дэлгэрхаан багийн “Байдасын гарам” гэдэг газраас зүүн зүгт “Хурхын гарам” гэдэг газар хүртэл 45 км завиар явж, 2-3 метрийн гүнд 8 удаа шумбалт хийн, 2 дугаар бүлэг Дэлгэрхаан багийн “Тунгалагийн-Адаг” гэдэг газраас зүүн тийш “Онон” голын эрэг дагуу 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар багийн “Өгөөмөр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар явж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Хэрлэн” голын эрэг дээр 4 хүн (2 нь хүүхэд) амарч байснаас тус сумын 10 дугаар багийн харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/, Г /27 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ны өдрийн 07:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдрийн 08:25 цагт иргэн П-гийн цогцсыг “Бунхан толгой” гэдэг газраас зүүн зүгт 300 метрт “Хэрлэн” голын усны мандал дээр хөвж байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Тус сумын 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар багийн “Өгөөмөр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар явж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.                                                                                                           

Төв аймаг, Өндөрширээт сум. Баянтуул багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 197 км-т/ “Туул” голын эрэг дээр 6 хүн амарч байснаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдөр эрэн хайх ажиллагааг 05:00 цагт эхлүүлж тус багийн “Модон гүүр” гэдэг газраас баруун зүгт Уянга багийн “Бор толгой” гэдэг газар хүртэл 25 км-т завьтай урсаж, 10 удаа шумбаж, “Туул голын” эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top