“2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэв сургалт-семинар болж байна

117338383_584076295548052_6683141751672267313_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 29-ний хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх болсонтой холбогдуулан “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэв сургалт-семинарыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалт, семинарын зорилго нь 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, энэ чиглэлээр гарсан УОК, Засгийн газар, холбогдох сайд нарын баталсан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангахад чиглэл, зөвлөмжөөр хангах юм.

Оролцогчдод БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, тус яамны Сургуулийн өмнөх боловсролын газар, Ерөнхий боловсролын газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд тушаал, шийдвэр, дүрэм, журмыг танилцуулж, мэдээлэл, аргазүйн зөвлөмж өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалт-семинарт аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга, ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top