Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо, Баян-Өлгий аймагт мөндөр орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймаг, Арвайхээр. Дэлгэрэх 3 дугаар багийн 8 тоотод иргэнТ-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 18:48 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн  алба хаагчид 3 км замыг туулан 18:53 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Ширхэнцэг багийн 241 дүгээр точикийн задгайд /сумын төвөөс зүүн зүгт 12 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 19:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 19:54 цагт очиж иргэн У-гийн 12х7.5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1:54 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүрэг. 7 дугаар хороо, “Баруун Ард Аюуш”-ийн 2-12 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 01:11 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 автомашинтай 4 км замыг туулан 01:18 цагт очиход иргэн Л-ийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, “Жигжид” зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 02:18 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 02:22 цагт очиход иргэн Э-ийн 10х10 метрийн хэмжээтэй “Жигжид” зоогийн газрын шал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг явуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоосон байсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.11-ний өдрийн 08:30 цагаас эхлэн Налайх дүүргийн 6 дугаар хороо “Салхины саравч” гэдэг газраас 1 дүгээр хороо “Баянзүрхийн-Ар тал” хүртэл “Туул” голоор 24 км-т завьтай урсаж, явганаар болон автомашинтай 20 км уулархаг бүсээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:45 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.01-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд 08.11-ны өдөр Шишгэд голын цутгалд 6 метрийн гүнд 8 удаа шумбалт хийн, голын эргээр явган, голоор 6-9 км-т завиар урсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:45 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Цагаанбэлчир багийн “Мухарын хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 08.08-ны өдрийн 15:00 цагийн орчим нөхөр Ө нь Хатгал тосгон руу яваад гэртээ ирэхэд эхнэр У /33 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай мэдээллийг 08.10-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 2 хэсэгт хуваагдан  1 дүгээр хэсэг Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, 2 газарчинтай  Ө-гийн гэрээс зүүн зүгт “Цагаан хасаа”, урд зүгт “Дуганы хүрээ”, баруун урд зүгт “Мухарын даваа”, урд зүгт “Живлэгийн-Ар”, “Ханагийн-Ар”, баруун хойд зүгт “Жалант” гэдэг газруудаар, 2 дугаар хэсэг зүүн зүгт “Даах”, урд зүгт “Хойд-Авун”, “Урд-Авун”, Сөөсгөр-Авун”, хойд зүгт “Вангийн залгаа”, урд зүгт “Шар ширэнгэ”, ”Хирэстэгийн-Ар” гэх газруудаар нийт 45 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн “Бор хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 216 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 26 км/ иргэн С /60 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 07:00 цагт “Бор хоньт” уул руу жимсэнд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт мөн өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Туул голын усанд цогцос хөвж байна гэсэн мэдээллийг иргэн М-аас 08.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.09-ний өдрийн 09:25 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 34 дүгээр сургуулийн хойд талд “Туул” голоос иргэн Б /19 настай, эрэгтэй/-ий цогцсыг гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.08-ны өдрийн 09:40 цагаас эхлэн “Хар-Усан тохой” гэдэг газраас “Маршал”-ийн гүүр хүртэл 45 км-т завьтай урсаж, “Туул” голын эрэг дагуу 68 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 08.11-ны өдөр Биндэр сумын Дэлгэрхаан багийн “Байдасын гарам” гэдэг газраас зүүн зүгт “Эрдэнэ-Өндөр” гэдэг газар хүртэл “Онон” гол дагуу 26 км-т 2 завьтай самналт хийж, 2-3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.11-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар баг “Улаан эрэг” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын дагуу 50 км-т 2 завьтай самналт хийж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Хэрлэн” голын эрэг дээр 4 хүн (2 нь хүүхэд) амарч байснаас тус сумын 10 дугаар багийн харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/, Г /27 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ны өдрийн 07:03 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдрийн 08:25 цагт иргэн П-гийн цогцсыг “Бунхан толгой” гэдэг газраас зүүн зүгт 300 метрт “Хэрлэн” голын усны мандал дээр хөвж байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.  

08.11-ны өдөр тус сумын 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 50 км-т завьтай самналт хийж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймаг, Өндөрширээт сум. Баянтуул багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 197 км-т/ “Туул” голын эрэг дээр 6 хүн амарч байснаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан. 

08.11-ний өдөр Үндэсний аврах бригадын алба хаагчдаар хүч нэмэгдүүлэн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж, “Модон гүүр” гэдэг газраас “Өлийн булан” гэдэг газар хүртэл 50 км-т завьтай урсаж, 3-6 метрийн гүнд 12 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 08.12-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top