1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг явуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоосон байсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.11-ний өдрийн 08:30 цагаас эхлэн Налайх дүүргийн 6 дугаар хороо “Салхины саравч” гэдэг газраас 1 дүгээр хороо “Баянзүрхийн-Ар тал” хүртэл “Туул” голоор 24 км-т завьтай урсаж, явганаар болон автомашинтай 20 км уулархаг бүсээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.11-ний өдрийн 19:45 цагт түр зогсоосон. 08.12-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.01-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд 08.12-ны өдөр Шишгэд” голын эрэг дагуу явганаар болон голын усаар завьтай 9 км-т урсаж, 5-6 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 08.12-ны өдрийн 20:17 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Цагаанбэлчир багийн “Мухарын хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 08.08-ны өдрийн 15:00 цагийн орчим нөхөр Ө нь Хатгал тосгон руу яваад гэртээ ирэхэд эхнэр У /33 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай мэдээллийг 08.10-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 2 хэсэгт хуваагдан 08.12-ны өдөр 1 дүгээр бүлэг “Цагаан хясаа” гэдэг газраас Алаг-Эрдэнэ сумын төв хүртэл 35 км-т завиар урсаж, 2 дугаар бүлэг гэрээс нь баруун урд зүгт 12 км-т “Шар дөрөлж” гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:19 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 07:25 цагт иргэн У-ыг Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн задгайд байдаг аав Т-ийн эзгүй гэрт байхад нь эсэн мэнд олсон тухай түүний нөхөр Ө аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн “Бор хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 216 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 26 км/ иргэн С /60 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 07:00 цагт “Бор хоньт” уул руу жимсэнд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт мөн өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.12-ны өдрийн 09:40 цагт сураггүй болсон газраас баруун зүгт 3 км-т “Бор хоньт” гэдэг газраас эсэн мэнд олж, хамт явсан иргэдэд хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.12-ний өдөр “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Сонсголонгийн гүүр” гэдэг газар хүртэл “Туул“ голын усаар завьтай нийт 90 км-т урсаж, 10 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:05 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 08.12-ны өдөр тус багийн “Байдасын гарам” гэдэг газраас зүүн урд зүгт Баян-Адарга сумын “Хайлааст” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу явганаар болон голын усаар завьтай 45 км-т урсаж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.12-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар багийн “Нисэх буудлын самбар” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 50 км-т 2 удаагийн самналт хийж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Хэрлэн” голын эрэг дээр 4 хүн (2 нь хүүхэд) амарч байснаас тус сумын 10 дугаар багийн харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/, Г /27 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ны өдрийн 07:03 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдрийн 08:25 цагт иргэн П-гийн цогцсыг “Бунхан толгой” гэдэг газраас зүүн зүгт 300 метрт “Хэрлэн” голын уснаас, 08.12-ны өдрийн 13:47 цагт иргэн Г-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 15 км-т, тус сумын 5 дугаар багийн “Хадан хясаа” гэдэг газраас тус тус олж аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгчдөд шилжүүлж өгсөн.
Төв аймаг, Өндөрширээт сум. Баянтуул багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 197 км-т/ “Туул” голын эрэг дээр 6 хүн амарч байснаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан.
08.12-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг тус сумын “Модон гүүр” гэдэг газраас Лүн сумын “Улаан-Уул” гэдэг газар хүртэл 70 км-т завьтай урсаж, 5-6 метрийн гүнд 7 удаагийн шумбалт, 2 дугаар бүлэг тус сумын “Модон гүүр” гэдэг газраас Лүн сумын “Өлийн халуун хошуу” гэдэг газар хүртэл 60 км-т завьтай урсаж, 16 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 07:07 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Уул хаднаас эрэн хайх, аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, “Баруун салааны-Ам” гэдэг газар, “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 км-т 6 иргэн самар түүж явснаас иргэн Д /32 настай, эрэгтэй/ модноос унаж бэртсэн, уулнаас буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас мөн өдрийн 16:41 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 22 км замыг туулан 17:19 цагт очиход иргэн Д модноос унаж газарт хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР