Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 16, 17-нд говь талын нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 19-нөөс ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймаг, Сайншанд сум. 1 дүгээр баг “1 дүгээр 60 айл” орон сууцны суурийн давхарт иргэн Н-ийн “Баянбогд” хүнсний дэлгүүрийн 3 дугаар лангуу /4х3 метрийн хэмжээтэй/ шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 03:44 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 03:48 цагт очиж дэлгүүрийн дотор баруун урд талд байрлах хөргөгчний дээд хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтрааж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Уурхайчдын 28 дугаар гудамжны 6 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 22:07 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:11 цагт очиж иргэн Н-ын 10х14 метрийн хэмжээтэй байшин дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтрааасан.

3. Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Булган аймаг, Сэлэнгэ сум. “Ингэт” 5 дугаар багийн “Доод хоод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 105 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ аянга, цахилгаантай аадар бороо орсоны улмаас 1 айлын 43 бог мал аянганд цохиулж хорогдсон мэдээг 08.14-ний өдрийн 19:39 цагт хүлээн авсан.

Тус суманд 08.14-ний өдрийн 13:40 цагаас 35 минут үргэлжилсэн аянга, цахилгаантай аадар бороо орсоны улмаас малчин А-ын 10 хонь, 33 ямаа аянганд цохиулж хорогдсон. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 5 хүн, 2 автомашинтай очиж ажиллан үхсэн малын сэг зэмийг шатааж булж устгасан.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.13-ны өдөр 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс “Тэнгэрийн элч” амралтын газар, “Мянган ламын агуй”, “Баянцагааны даваа” гэдэг газар хүртэл 28 км-т явган болон автомашинтай, “Тэрэлжийн шинэ гүүр” гэдэг газраас “Баянзүрх хайрхан”-ы ар болон өвөр талаар “Туул” голоор 6 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.13-ны өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 08.14-ний өдөр эрэн хайх ажиллагааг явагдаагүй.

Нурангиас /эрэн хайх, аврах/: Хэнтий аймаг, Батноров сум. 7 дугаар багийн нутаг “Бэрх тосгон” /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, Бэрх тосгоноос зүүн урд зүгт 3 км/-д иргэн А-ийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид  дарагдсан тухай дуудлагыг 08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан, нэмэлтээр Уул уурхайн аврах ангийн нэг бүлэг нурсан уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.13-ний өдөр ““Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Сонсголонгийн гүүр”, “Маршалын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр” хүртэл 118 км-т завьтай урсаж, 20 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 08.14-ний өдөр эрэн хайх ажиллагааг явагдаагүй.

Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 08.14-ны өдөр “Байдасын гарам” гэдэг газраас зүүн урд зүгт Баян-Адарга сумын “Баян-Өндөр” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу явганаар болон голын усаар завьтай 36 км-т урсаж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймаг, Заамар сум: Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 226 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 08.13-ны өдрийн 13:40 цагийн орчим “Туул” гол руу нэр, хаяг, нас тодорхойгүй эрэгтэй хүн орох гэж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.

Тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08-14-ний өдөр Туулын гүүр”-нээс “Төмөр гүүр” гэдэг газар хүртэл завиар урсаж, 3 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 25 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 08.15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багийн Хараа голын “Шумуулт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 218 км, сумын төвөөс чанх урд зүгт 3 км/ иргэн А/2 настай, эрэгтэй/ Хараа голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.14-ны өдрийн 17:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж алга болсон газраас баруун зүгт 2 км зайтай голын эргээс цогцсыг олж сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top