1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19,20-нд баруун аймгуудын нутгаар 13-15 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст хална.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 13 дугаар хороо, “Өгөөмөр” захын урд талд автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 07:34 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:38 цагт очиж, иргэн Г-ийн жолоодож явсан 32-67 УНЗ улсын дугаартай “Хино” загварын ачааны автомашины баруун талын дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүрэг. 3 дугаар хороо, Дэнжийн 21 дүгээр гудамжны 10 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 14:13 цагт очиж, иргэн Л-гийн 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:49 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшлийн хамт шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н/59 настай, эмэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Архангай аймаг, Эрдэнэбулган. Бортолгой багийн 15 дугаар гудамжны 6 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:48 цагт очиж, 3х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. Цөх багийн “Согоо булаг” гэдэг газар иргэн О-гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 03:39 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 17.5 км замыг туулан 04:20 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 2 минут ажиллаж унтраасан.
3. Үер:
Увс аймаг, Баруунтуруун сум. Баян-Айраг багийн “Тугалын-Эрүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ тус сумын нутгаар 08.15-ны өдөр орсон усархаг борооны улмаас малчин Л-гийн 6 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр, малчин Э-ын 6 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08.16-ны өдрийн 00:20 цагт очиж, нэг өрхийн 2 хүн, 2 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.13-ны өдөр 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс “Тэнгэрийн элч” амралтын газар, “Мянган ламын агуй”, “Баянцагааны даваа” гэдэг газар хүртэл 28 км-т явган болон автомашинтай, “Тэрэлжийн шинэ гүүр” гэдэг газраас “Баянзүрх хайрхан”-ы ар болон өвөр талаар “Туул” голоор 6 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.13-ны өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 08.15-ны өдөр эрэн хайх ажиллагааг явагдаагүй.
Нурангиас /эрэн хайх, аврах/: Хэнтий аймаг, Батноров сум. 7 дугаар багийн нутаг “Бэрх тосгон” /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, Бэрх тосгоноос зүүн урд зүгт 3 км/-д иргэн А-ийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан, нэмэлтээр Уул уурхайн аврах ангийн нэг бүлэг, Ашигт малтмал, газрын тосны газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Бэрх тосгоны Засаг даргын Тамгын газар, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн ажилтнууд ослын газарт ажиллаж байна.
08.15-ны өдрийн байдлаар нөхцөл байдлын үнэлгээ, ажлын төлөвлөгөө, зураглал гаргаж нийт аврагчдыг 2 бүлэгт хуваан 4 цагаар тасралтгүй сэлгэн ажиллаж байна. Агааржуулалтын босоо ам битүүрч нурсан шороо, чулууг цэвэрлэн 18.5 м3 нуралыг зайлуулсан. Модоор болон төмрөөр бэхэлгээ хийж нурал үүссэн хэсэгт 4.8 метрийн урттай ахилт хийж, бэхэлгээ тавьсан. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын 1 алба хаагч, Уул уурхайн аврах ангийн дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар 08.15-ны өдрийн 16:38 цагт ослын газарт очсон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.15-ний өдөр “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Сонсголонгийн гүүр”, “Маршалын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр” хүртэл 10 км-т завьтай урсаж, 35 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:05 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр”-ний зүүн талд “Улиастай” голын эрэг дээр тоглож байсан Т/7 настай, эрэгтэй, нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 1701 тоотод оршин суугч/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 11:19 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:36 цагт очиж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулах явцад тухайн хүүхэд өөрөө голын эрэг дээр эсэн мэнд гарсан байсныг олж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс болон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 7 км замыг туулан 16:03 цагт очиж, осолдсон газраас “Сонсголонгийн гүүр” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 40 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй 21:12 цагт түр зогсоосон. 08.16-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэнгэрийн энерги” амралтын газрын баруун талд 3 хүн “Туул” голыг явганаар гатлаж яваад нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 21 байрны 476 тоотод оршин суугч иргэн С /21 настай, эрэгтэй/ голын усанд урсаж, осолдсон тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 18:43 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 19:25 цагт очиж, осолдсон газраас 5 км-т “Туул” голын усаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 10 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:50 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 08.15-ны өдөр “Байдасын гарам” гэдэг газраас зүүн урд зүгт Баян-Адарга сумын “Баян-Өндөр” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу явганаар болон голын усаар завьтай 30 км-т урсаж, 3 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төв аймаг, Заамар сум: Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 226 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 08.13-ны өдрийн 13:40 цагийн орчим “Туул” гол руу нэр, хаяг, нас тодорхойгүй эрэгтэй хүн орох гэж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08-15-ны өдөр “Бетон гүүр” гэдэг газраас “Бэрхийн тохой” гэдэг газар хүртэл “Туул” голын эрэг дагуу явганаар болон голын усаар завьтай 45 км-т урсаж, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:17 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР