Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20, 21-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Урандөш баг, “Нутгийн удирдлагын ордон”-ын хойд талд автозамын зорчих хэсэгт иргэн М-ын эзэмшлийн 92-25 ХӨА улсын дугаартай “Фургон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.3 км замыг туулан 14:54 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Уурхайчин баг дахь “Хуримт” зочид буудал гал гарч байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:10 цагт очиж, тус караоке баарны зоорийн давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.18-ны өдрийн 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Баянцагааны даваа” гэдэг газраас “Баянзүрх хайрханы хавцал”, “Горхи тэрэлж”, “Шинэ гүүр”, Тэнгэрийн энерги” амралтын газар, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам” гэдэг газар хүртэл нийт 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 удаагийн шумбалт хийж, 40 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул  мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.19-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум. Согоот багийн “Баянт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 153 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ 8 хүн (хүүхэд 3) жимс түүж явснаас иргэн Б /42 настай, эрэгтэй/, Б/35 настай, эрэгтэй/, У/25 настай, эрэгтэй/ нар 08.16-ны өдрийн 13:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.

Тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн 12 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.18-ны өдрийн 16:10 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 8 км-т “Баянт” уулын модон дотроос эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.18-ны өдрийн 09:00 цагаас “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Маршлын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр” гэдэг газар хүртэл нийт 65 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 60 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.19-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08.18-ны өдрийн 09:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь “Мишээл-Экспо” худалдааны төвийн урд талаас баруун зүгт “Сонсголонгийн гүүр” хүртэл нийт 32 км-т “Туул” голын усаар 2 удаа завьтай урсаж, 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.19-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны 58 тоотод оршин суугч иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны 105 тоотод оршин суугч иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл 6 км-т нийт 3 удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.18-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн..

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top