Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Далан үнээ” 1 дүгээр гудамжны 07 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 12:22 цагт /13:32 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 12:24 цагт очиж иргэн Ч-ын 2×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан..

Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Далан үнээ” 1 дүгээр гудамжны “Тавьт” гэдэг газар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 14:52 цагт очиж 0.7 тн өвс шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. 3 дугаар багийн 31 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 21:13 цагт /21:30 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:21 цагт очиж иргэн Х-ийн 4 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.26-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын харъяат иргэн А/70 настай, эрэгтэй/, иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.26-ны өдөр  6 бүлэгт хуваагдаж, 1, 2, 3 дугаар бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 18 км-т завьтай, 4, 5, 6 дугаар бүлэг осолдсон газраас хойд зүгт Оросын Холбооны Улсын хил хүртэл 56 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, “Мөндөлтэйн хошуу”, ”Өндөр-Эрэг” “Шар байр” гэдэг газар 2-3 км зайтай голын эрэг дагуу 6 алба хаагч хяналт тавин ажиллаж, 12 дугаар точик гэдэг газрын эрэг орчмоос нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ нисгэн агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:41 цагт түр зогсоосон. 08.27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум. Цагаан-Овоо багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 79 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б/8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар,  Цагдаагийн газрын алба хаагчид ар гэрийнхний хамт “Боргиотын нуур”-нд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 08.26-ны өдрийн 11:20 цагт Б /11 настай, эрэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/-ийн цогцсыг нуурын хойд эргээс 30 метр зайд 1.5 метр гүнээс олж гарган тус аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймаг, Баянмөнх сум. 4 дүгээр багийн “Ус-Авдаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 0.5 км/ “Хэрлэн” голд иргэн Г/3 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:02 цагт гарч 100 км замыг туулан мөн өдрийн 18:00 цагт очсон. Баянмөнх сумын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт  “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.26-ны өдрийн 16:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 8 км-т “Улаан олом” гэдэг газар голын эргээс Г/3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж сумын цагдаад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top