Д.Сэржмядаг:Сайхан шүүмжлэл бол сургаальтай адил гэж боддог

image-scaled.jpg

   “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын дэргэдэх  Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядагийг урилаа. Тэрбээр Онцгой байлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна.  Энэ хугацаанд буюу  2005-2015 он хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар, 2015 оноос өнөөг хүртэл Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагаас докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй алба хаагч юм. Ажиллах хугацаандаа гамшгаас хамгаалах чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага 11-ийг  бичиж хэвлүүлэн, 40 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадад хэвлүүлжээ. Мөн тэрбээр ДХИС-ийн Онцгой байдлын сургууль болон Ахисан шатны боловсролын сургуульд 2013 оноос хойш үндсэн болон гэрээт багшаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтад хичээлж зааж, нийт 13 магистрантын судалгааны ажлыг удирдаж хамгаалуулжээ. Ингээд асуултад хэрхэн хариулсныг хамтдаа сонирхоцгооё.

Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

  Өглөө сэрмэгцээ өвдөх өвчингүй эрүүл саруул, сэргэлэн цовоо байгаадаа талархдаг. Ихэвчлэн 5:30-06:00 цагийн хооронд босдог. Ажилдаа явах хүртэл 1-2 цаг судалгааны ажлаа бичих, орчуулга хийхэд зарцуулдаг. Энэ зуршил маань хэвшил болсон. Сүүлийн үед дасгал хөдөлгөөнийг илүүд үзэж, өглөөг өөртөө цаг гаргахад зарцуулж байна.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

 Нээх олон зүйлд  шунадаггүй. Өөрөө бүтээгээд явж байгаа бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун байдаг.

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

  Би хөдөөний хүүхэд. Хүүхэд байхдаа олон зүйлийг хүсч мөрөөддөг байсан ч тэр мөрөөдлөөсөө ч илүү сайхан амьдарч байна. Хүн олонтой явж, нүд тайлж, том мөрөөдөх нь чухал юм байна. Нөгөө талаас амьдрал баян, таны бодсоноос ч илүү олон боломж байдаг гэдгийг ойлгож, боломж бүрийг амжилт болгохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ухаарсан даа.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

 Миний мөрөөдөл саяхныг хүртэл дандаа би төвтэй, өөрлүүгээ чиглэсэн байж.  Харин одоо өөрийнхөө чадах зүйлээ ашиглаад бусдад сайн сайхан зүйлийг түгээх, нийгэм рүү хандсан нөлөөллийн ажил хийхийг мөрөөддөг болсон.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

  Мөрдэстэй алба хаагч болохоор аливаа үүрэг, даалгаврыг би өөрийгөө харуулах боломж гэхээсээ илүү, хийх ёстой ажил гэж  хүлээн авдаг. Харин үүрэг, даалгавар бүрийг их, бага гэлтгүй сэтгэлээсээ хандаж, хамгийн сайнаараа хийсний үр дүнд амжилт дагалдан ирдэг. Хувь хүнийхээ хувьд ч хөгжсөн байдаг шүү.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

  Шүүмжлэлээс илүү магтаал намайг хурцалдаг. Аав, ээж маань биднийг багад дандаа л урмаар тэтгэж өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхэд байхаасаа л магтуулсаныхаа дараа тухайн зүйлээ улам л сайн хийе гэж боддог дадалтай болчихсон.  Магтаалын цаана хариуцлага, өндөр итгэл найдвар оршиж байдаг. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг эвдэхгүй, хариуцлага алдахгүй байхын тулд би  хичээх шаардлагатай. Гэхдээ би шүүмжлэлд дуртай. Яагаад гэвэл миний мэдэхгүй, чадахгүй, болохгүй байгаа зүйлийг минь тодорхойлж харуулж байгаа болохоор. Сайхан шүүмжлэл бол сургаальтай адил гэж  боддог. Шүүмжийнхээ дагуу засаж сайжруулаад магтаал сонсох ч бас сайхан шүү дээ.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Аз жаргал бол хүрдэг зүйл биш, харин мэдэрч болох мэдрэмж гэж сэтгэлзүйчид зөвлөдөг юм билээ. Тэгэхээр бид байгаадаа сэтгэл хангалуун, аливаад эерэгээр хандаж чадвал аз жаргал бидний хажууд байдаг зүйл.  

-Таны бахархал?

Надад бахархах зүйл олон бий. Хүний эрхийг дээдэлдэг, эрх чөлөөт Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархана. Энх цагийн баатруудтай ижилхэн цэнхэр өнгийн дүрэмт хувцас өмссөн Онцгой байдлын алба хаагч гэдгээрээ бас бахархдаг.  

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top