1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 5-аас баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:41 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багийн Барилгачдын гудамжны авто замын ажил хийгдэж буй талбайд иргэн Э-ын “Краз” загварын өргөгч автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:56 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:27 цагт очиж, иргэн Л-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны суугч иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.02-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги бясалгалын төв”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 дугаар хорооны “Байтаг богд-Уул” гэдэг газраас “Тэрэлжийн шинэ гүүр” хүртэл 22 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.03-ны өдрийн 10:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн С /28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 08.27-ны өдрийн 00:00 цагийн орчим иргэн Н-нхаас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.28-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 09.02-ны өдрийн 07:52 цагаас эхлэн “Үүрийн цагаан” гэдэг газраас “Хөндлөнгийн гарам” гэдэг газар хүртэл 20 км-т автомашинаар, “Хөндлөнгийн гарам” гэдэг газраас “Ойлгоо”, “Дархилан” гэдэг газар гэдэг газар хүртэл 45 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:06 цагт түр зогсоосон. 09.03-ны өдрийн 08:10 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус багийн Засаг дарга Г-д 08.26-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очоод 08.31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус багийн “Бозоот” гэдэг газраас “Цагаан чулуутын-Эх” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, “Улаан чулуут” гэдэг газраас “Хүрээт” гэдэг газар хүртэл 50 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт түр зогсоосон. 09.03-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.02-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги бясалгалын төв”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 дугаар хорооны “Байтаг богд-Уул” гэдэг газраас “Тэрэлжийн шинэ гүүр” хүртэл 22 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.03-ны өдрийн 10:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Дээд их үүсвэр” цэвэр усны нөөцийн 5 дугаар худгийн урд “Туул” голд цогцос байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:52 цагт очиж, тус дүүргийн харьяат Г /51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Туул” голоос гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оюунболорт шилжүүлж өгсөн.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дугаар багийн “Ховд гол” гэдэг газар “Ховд” голд хүн урсаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 16:58 цагт очиж, “Ховд” голд урсаж байсан тус аймгийн харьяат иргэн К /19 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.
4.Мэдээлэл:
Газар хөдлөлт: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 337 км-т, сумын төвөөс баруун зүгт 123 км-т, Ө-47°45’00”, У-116°58’48″/ 09.01-ний өдрийн 20:34 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09.02-ны өдрийн 13:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хамгаалсан менежер Б.Ариунболдоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
Булган аймгийн Сайхан сумын Хүрэмт багийн 8 дугаар гудамжны иргэн Г-ын 6 ханатай гэр, тавилгын хамт шатсан тухай мэдээллийг 09.02-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Ж.Ганболдоор ахлуулсан иргэд 13:40 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР