1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 17-19 градус дулаан байна.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.04-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 17 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 41 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 09.05-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус багийн Засаг дарга Г-д 08.26-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очоод 08.31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 09.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг “Баянзүрхийн даваа”, “Жаргалантын даваа”, “Давааны-Ар” гэдэг газруудаар зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 20 км-т тус сумын Баян хошуу багийн “Сайхан модот” гэдэг газраас эсэн мэнд олж, тус сум дахь Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.04-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 17 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 41 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 09.05-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР