Н.Нямхорлоо: Хүн ер нь амжилтыг өөрөө бий болгодог гэж би боддог

118285918_332381934745110_6067729994679070291_n.jpg

Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоог урилаа. Тэрээр 1997 оноос хойш өнөөг хүртэл 23 жил Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа. Гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр  салааны захирагч, ангийн дарга, байцаагч, ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, албаны дарга, дүүргийн хэлтсийн дарга, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Гал унтраах хяналтын хэлтсийн дарга, дэд даргыг албыг хашиж байжээ.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?  

  – Өглөө ихэвчлэн 06:30 цагт босдог.Гэр бүлийн хүн маань өглөө бүр өглөөний цай бэлтгэж өгнө. Тэгээд л ажилдаа ирдэг дээ.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

– Хүсэл сонирхолд хязгаар байхгүй.Сонирхсон зүйлдээ хүрэхийн төлөө хичээдэг. Хийж үзэх зүйл зөндөө л байна.

– Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

– Амьдралдаа ер нь хүнд ямар нэгэн тээр болохгүйг хичээдэг. Миний амьдралын ихэнх цаг хугацаа  албандаа зориулагддаг. Цаг гарвал гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг л боддог.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

– Бага насны мөрөөдөл маань илтгэгч болох байсан.  Гэхдээ Онцгой байдлын албанд  ажиллаж байна. Мөрөөдөл маань өөрчлөгдсөн ч мөрдэстэй цэргийн алба хаагч болсондоо баярладаг.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?  

– Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилладаг. Өөрийгөө харуулах боломж гэхээс илүү итгэл гэж ойлгодог. Хүн ер нь амжилтыг өөрөө бий болгодог гэж би боддог.

   -Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

    -Аль аль нь. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж Монгол ардын зүйр үг байдаг. Бага ч гэсэн хүнд урам, магтаал хэрэгтэй. Шүүмжлэл бол байдаг л зүйл, хэрэгтэй ч бий, хэрэггүй ч бий. Гэхдээ хэрхэн хүлээж авахаас шалтгаална. Ер нь нэг үг байдаг даа “Алдааг хүнээс биш өөрөөсөө хай” гэж.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

– Аз жаргалыг эрүүл, энх тунх, элэг бүтэн, сэтгэл хангалуун байх л гэж ойлгодог.

Таны бахархал?

– Хүн болгож төрүүлсэн ээж ааваараа, эх орноороо, эрдэм боловсрол эзэмшүүлсэн эрдэмтэн багш нараараа, мөр зэрэгцэн ажиллаж байгаа мөрдөс нэгтнүүдээрээ, Онцгой байдлын албаараа бахархдаг.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top