Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын “Алаг толгой” багийн 8 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 23:59 цагт очиж тус сумын 8 дугаар цэцэрлэгийн хашаанд хог шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:15 цагт очиж иргэн Г-ын “Ниссан Х-Трайл” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үер: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Баянхаан” 4 дүгээр баг 3 дугаар хэсэг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн “6000W” хүчдэл бүхий газар доорх сувагт 09.10-ны өдрийн 22:00-23:35 цагийн хооронд дуу цахилгаантай, усархаг бороо орсны улмаас үерийн ус орсон тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Энхбаатараар ахлуулсан алба хаагчид, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Урсгал ус” ХХК-ийн ажилтнууд 35 минут ажиллаж усыг соруулан гаргасан.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн-Энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.10-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 17 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 40 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Иргэн Ө /33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр алба хаачид, ар гэрийнхэн 09.10-ны өдрийн 13:10 цагаас “Алаг толгой” гэдэг газраас баруун урд зүгт “Хавцалын-Ам” гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Цахир тэх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Тус сумын харьяат малчин А /31 настай, эрэгтэй/ 09.07-ны өдрийн 10:00 цагийн орчим адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 09.10-ны 07:15 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 13:30 цагт Есөнбулаг сум Жаргалант багийн иргэн А-ийн гэрээс эсэн мэнд олж аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.10-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 17 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 40 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top