1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Төв болон говь, баруун аймгийн нутгаар бороо орж, баруун аймгийн уулархаг хэсгээр нойтон цас орсон. Бусад аймгийн нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод –Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-15-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:10 цагт очиж, 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 11 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 12:52 цагт очиж, иргэн Д-ийн 2×2 хэмжээтэй амбаар, эд хогшил, 5 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морингийн даваа”-ны гүүрний автозамын зорчих хэсэгт авто замын осол болж, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 00:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 14 км замыг туулан 00:43 цагт очиж, иргэн З “Приус 30” загварын автомашиныг согтуугаар жолоодож яваад автозамын хамгаалалтын хашлага мөргөсний улмаас Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэн О/36 настай, эмэгтэй/ автомашины хойд талын суудлын хэсэгт хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн их эмч Д.Цэрэндулам болон тус дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батсайхан нарт хүлээлгэн өгсөн.
4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Эрдэнэ-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т, Ө-45017’24”, У-98024’36”/ 09.11-ний өдрийн 11:06 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:18 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Чандмань сумын Засаг дарга Н.Дагвадоржоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн-Энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Иргэн Ө /33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр алба хаагчид, ар гэрийнхэн 09.10-ны өдрийн 13:10 цагаас “Алаг толгой” гэдэг газраас баруун урд зүгт “Хавцалын-Ам” гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон.
Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн ‘’Өргөний-Ар’’ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 8 км-т/ Тус сумын харьяат малчин Х /84 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 09.11-ний өдрийн 21:05 цагийн орчим малдаа явна гэж гэрээсээ морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн 09.12-ны өдрийн 00:35 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т/11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР