Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, уулархаг хэсгээр нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17,18-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-ны өдөр Алтайн салбар уулсаар, 19-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, 16-ны өдрөөс баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай баг дахь “Буянт тахь” худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 09:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:11 цагт очиж, тус худалдааны төвийн 2 дугаар давхарт хаягдал цаасан хайрцгууд шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхрын 30 дугаар гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 13:50 цагт очиж, иргэн З-ийн эзэмшлийн 5х6 хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Тээврийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:20 цагт очиж, иргэн У-ын эзэмшлийн 8 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.       

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн “Гүнзгий худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 133 км-т, Ө-46054’00”, У-106055’12”/ 09.14-ний өдрийн 13:32 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:46 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Амармэндээс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн-Энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.14-ний өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.14-ний өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Тавтын пост” хүртэл усаар 45 км-т урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:20 цагт түр зогсоосон. 09.15-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top