Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баруун туруун”-ы 6/Б дугаар гудамжинд иргэн Б-ийн 13х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид16.5 км зам туулан 18:27 цагт 01:15 цаг ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат иргэн М /33 настай, эрэгтэй/ 09.11-ний өдөр самар түүж байхдаа ойролцоох отогоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 09.15-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан. Тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 09.16-ны өдрийн 20:40 цагт Үүр багийн “Бургалтай” гэдэг газар иргэн Г-ийн гэрт эсэн мэнд ирсэн тухай утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 160 км-т, сумын төвөөс  хойд зүгт 30 км-т/Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг 09.16-ны өдрийн 07:30 цагт эхлүүлж 1 дүгээр бүлэг  Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Баянгол” гэдэг газар хүртэл явганаар 10 км,  2 дугаар бүлэг Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Хавчирганга” гэдэг газар хүртэл явганаар 10 км  нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.  09.17-ны өдрийн 07:30 цагт дахин эхлүүлнэ.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 57 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/Тус сумын харьяат малчин А /39 настай, эмэгтэй/ 09.15-ны өдрийн 15:00 цагийн орчимд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Шагдарсүрэнгээр ахлуулсан ажилтнууд эрэн хайх ажиллгагааг зохион байгуулж 09.17-ны өдрийн 00:35 цагт гэрээс нь баруун хойд зүгт 3 км-т “Баруун хад” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С/64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Оросын Холбооны Улс”-ын хил хүртэл усаар 270 км-т явж,  “Арван хоёр салаанын-Эх” гэдэг газар хүртэл 35 км-т явж, 5 метрийн гүнд 6 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:46 цагт түр зогсоосон. 09.17-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн Хужир нуга  гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 105 км-т/Тус аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн харьяат иргэн Г /52 настай, эрэгтэй/ 09.15-ны өдрийн 17:00 цагийн орчимд явганаар Сэлэнгэ голын эргээр мал хариулж яваад усанд живсэн байж болзошгүй  тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09.16-ны өдрийн 08:37 цагаас эхлэн Сэлэнгэ голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж голын салааны 2 метрийн гүнтэй тогтоол уснаас мөн өдрийн 08:49 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Баруун жанжин”-ы 26 дугаар гудамжны 676/б тоот иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 16.5 км зам туулан 12:40 очиж Э /2 настай, эрэгтэй/-г 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top